116 дугаар тусгай сургуулийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэхийг шаардав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-18 14:24:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ноос БСШУС-ын сайдыг огцруулахыг шаардан Монгол Улсын Засгийн газар, УИХ-д шаардах бичиг хүргүүлж буйгаа мэдэгдэв.

Тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоомсорлосон БСШУС-ын сайд Ж.Батсуурь болон 116 дугаар тусгай сургуулийн удирдлагыг өөрчлөх, ингэхдээ хараагүй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодог хүнийг сургуулийн захирлаар томилох, Нийслэлийн СБД-ийн харьяанд байгаа тус сургуулийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэх, харааны бэрхшээлтэй хүүхэд чанартай боловсрол эзэмшихэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллахыг шаардав.

Тус холбооны тэргүүн Д.Гэрэл: МХҮХ-ноос харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн үйл ажиллагаа маш тааруу, өнөөдрийг хүртэл тэдэнд чанартай боловсрол олгох, хүртээмжтэй сургалтын орчныг бүрдүүлэх болон багш, ажиллагсад, хүүхдийн эрх зөрчигдөж байгааг шийдвэрлэх талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурьт удаа дараа хүсэлт тавьсан. Гэвч яамны зүгээс өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй, хайхрамжгүй хандаж байгаа нь хараагүй хүүхдийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

МХҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн багш Д.Сарантөгс: Харааны бэрхшээлтэй хүүхдүүд маш их бухимдалтай байдаг. Харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд ажиллаж байгаа багш, ажилчдын гуравны хоёроос илүү хувь нь шинэчлэгдсэн. Тэдэнтэй ажиллах арга зүй, мэдлэг туршлагагүйгээс багш сурагчдын хооронд үл ойлголцох асуудал үүсдэг. Ингэж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө харааны бэрхшээлтэй багш нарт дарамт тулгардаг. Энэ асуудлыг нэн даруй шийдэж өгөхийг хүсч байна.

МХҮХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн З.Болдсайхан, “116 дугаар сургуулийн хүүхдүүд сурч боловсрох, өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэхэд бид хориг тавьж чадахгүй. Өдийг хүртэл хүлээлээ, тиймээс ажлаа хийж чадах сайд боловсролын яаманд хэрэгтэй байна” хэмээн тодотгов.
 
Хэвлэлийн хурлын үеэр тэд шаардах бичгийн хариуг энэ сарын 21-ний өдрийн 12:00 цагаас өмнө шийдвэрлэж өгөөгүй тохиолдолд харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудын ирээдүйн сайн сайхан, тэдэнд сурч боловсрох хүрэтэмжтэй чанартай орчинг бүрдүүлэхийн төлөө тууштай тэмцэх болно гэдгээ мэдэгдлээ.
Ж.Болор
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻