Эдийн засгийн хүндрэлтэй үед цахим худалдаа хөгжих боломжтой гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГИнтернет худалдааг Монголд хөгжүүлэхэд ложистик буюу хүргэлтийн асуудал хүндрэлтэй байна хэмээн Интернэт Худалдааны Анхдугаар Конференци –Улаанбаатар 2015” арга хэмжээний үеэр оролцогсод онцолж байна.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, “Баяр Агентлаг” ХХК хамтран ”Интернэт худалдааны анхдугаар конференци-2015”-г анх удаа зохион байгуулж байна.
Энэ үеэр Монгол Улс уламжлалт худалдаанаас цахим худалдаа руу шилжих суурь нь бий болсон гэдгийг мэргэжилтнүүд тодотголоо. Тодруулбал нийт гар утас хэрэглэгчдийн 90 хувь ухаалаг утастай болсон нь интернэт худалдааг хөгжүүлэх гол суурь болж буй аж.
Түүнчлэн олон нийтийн сүлжээг ашиглан хувь хүмүүс худалдаа хийх явдал ихэссэнээр мөнгөө алдах эрсдэлтэй учир Харилцаа холбооны зохицуулах хорооноос албан ёсны зөвшөөрөлтэй гэдэгт баталгаа гаргадаг байвал зүгээр гэсэн санал төлөөлөгчдөөс гарсан юм.
Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга Б.Бат-Өлзий ярихдаа, “Цахим худалдаа монголчуудын хувьд шинэ зүйл биш. 2000 оноос эхэлсэн бөгөөд цахим худалдааг ярихын тулд итгэлцлийн асуудлыг хөндөх ёстой. Фэйсбүүкээр хувь хүмүүс худалдан авалт хийж мөнгөө алдах эрсдэл бий. Ямар ч гэрээ хэлцэлгүй зүйлд мөнгөө шилжүүлнэ гэдэгт баталгаа гаргадаг болох хэрэгтэй гэдгийг төлөөлөгчид хэлж байна. Тиймээс төрийн дэмжлэгтэйгээр стандарт, журамтай болох шаардлагатай. Гэхдээ төр оролцохгүйгээр цахим худалдааг хөгжүүлсэн жишээг Урд хөршөөс харж болно. “Алибаба”-гийн цахим худалдааг хөгжүүлсэн түүхээс бид суралцах хэрэгтэй байна” гэлээ. Эдийн засгийн хүндрэлтэй үед уламжлалт худалдаанаас цахим худалдаа илүү гүйлгээтэй тул хөгжих боломж бий гэдгийг салбарынхан онцолсон юм. Тус хурлаар гараас гарт барааг хүргэхийн тулд ямар төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх вэ, төлбөрийн хялбар системтэй болохын тулд талуудын оролцоог хангах нь чухал гэдэгт оролцогсод санал нэгдлээ.
Б.Заяа