Газар авах 19 мянган хүсэлтийн 300-д нь олгох боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-19 15:12:38
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын хэмжээнд газар авах хүсэлтэй 19 мянга гаруй өргөдөл байна. Тэр дунд зөвшөөрөлгүй газарт дур мэдэн хашаа, байшин барьсан, аж ахуй нэгж, иргэд цөөнгүй байгаа ажээ.
Энэ онд зөвхөн 300 иргэнд газар нөхөн  олгох боломжтой. Гэвч эл асуудал маргаан дагуулах учир өргөдөл гаргасан иргэдийн дунд цахим хэлбэрээр сугалаа явуулах хувилбар дэвшүүлээд байна. Цахим  сугалаанд өргөдөл гаргасан 19 мянга иргэн бүгд нэгэн зэрэг оролцох боломж гэнэ. Гэхдээ "Энэ талаар иргэдээс санал асуулга, хэлэлцүүлэг явуулна” гэж Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт хэллээ. Нөгөө талаас 2000 онд шинээр газар авах хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийн тоо энэ онд шинээр хүсэлт гаргасан иргэдийнхтэй ижил байгаа аж.
17 жил газар авахыг хүлээж буй иргэдийг хохироохгүйн тулд хүсэлт гаргасан дарааллын дагуу шийдвэрлэх нэг боломж байгаа хэдий ч мөн л сөрөг тал олон байгааг тус сумын Засаг дарга ярьлаа. Иймд иргэдийн санал эцсийн шийдвэрт нөлөөлөх ажээ.
 
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻