Э.Энхзул:116 дугаар сургуулийн нэр хүндийг унагах мэдээллийг үгүйсгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-20 11:44:07
Улаанбаатар./МОНЦАМЭ/ Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ноос энэ сарын 18-нд хэвлэлийн бага хурал хийж, 116 дугаар сургуулийн удирдлагыг өөрчлөх, Нийслэлийн СБД-ийн харьяанд байгаа тус сургуулийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэх, харааны бэрхшээлтэй хүүхэд чанартай боловсрол эзэмшихэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахыг шаардсан. Үүнийг тодруулахаар МОНЦАМЭ агентлагийн сурвалжлах баг тус сургуулийг зорив.
“Энэ мэдээллийг манай сургуулийн хамт олон, сургуулийн захиргаа үндэслэлгүй, худал мэдээлэл түгээсэн гэж үзэж байна” хэмээн  тус сургуулийн захирал Э.Энхзул биднийг угтсан юм.

Түүнээс дараах асуултад хариулт авлаа.

-МХҮХ-ноос харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн сургалтын чанар тааруу, хүүхдүүдэд тусгайлан хэрэглэдэг брайль цаас хомсдолтой, сургалтын хэрэглэдэхүүн хуучирсан, ном сурах бичиг хүрэлцээгүй гэсэн мэдээлэл өгсөн?

-Манай сургууль брайль крилл хэлбэрээр сургалтаа явуулдаг онцлогтой. Брайль цаас бол жирийн цаастай адил биш, Монгол Улсын хэмжээнд олдоц муутай, үнэтэй. Брайль цаасыг жилийн хэрэгцээгээр нь худалдаж авах санхүүжилт сургуулийн төсөвт байхгүй учир хандив тусламжийн шугамаар ажлаа явуулж байна. Брайль цаасыг олон жилийн өмнөөс хуримтлуулан, түүнийгээ нөөц болгон багш нар гарын авлага хэрэглэгдэхүүн хийн, хичээл сургалтдаа ашигладаг. Нөөц дууссан үед ватум цаас, хатуу цаастай зургийн дэвтэр ашиглаж цаас иртэл түр хэрэглэх тохиолдол гардаг. Сүүлийн жилүүдэд хөөцөлдөж байж Солонгосоос брайль цаас оруулж ирж байгаа. Хамгийн сүүлд олон улсын  “Прайсуотерхусуперс” аудитын компани манай сургуулийн хүүхдүүдийн ирээдүйн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 7 сая төгрөгийг брайль цаас хандивласан. Тиймээс брайль цаас өнөөдөр манайд хангалттай. Улаанбаатар Ротари байгууллагатай хамтран ажилласны үр дүнд өнгөрсөн долоо хоногт 28 боодол буюу 140 мянган ширхэг цаас хүлээж аваад байна. Энэ мэт бид цаасны нөөцийг хандив тусламжийн хэлбэрээр зохицуулаад явж байгаа. 

Сурах бичгийн тухайд 50 жилийн түүхтэй харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуульд брайль сурах бичиг өмнө нь байгаагүй. Харин өнгөрсөн жил сайдын багцаас 100 сая төгрөг батлуулан санамж бичигт гарын үсэг зурснаар Хараагүйчүүдийн холбоо гурван төрлийн сурах бичиг хэвлэж өгсөн. Сурах бичиг бидний гарт 2016 оны хавар ирсэн. Хараагүйчүүдийн холбооноос IX ангийн англи хэл, мэдээлэл технологи, нийгмийн ухаан гэсэн сурах бичгийг хэвлэхдээ биднээс санал асуух, хамтран ажиллах талаар ярилцаагүй. Учир нь анги алгасалттайгаар манай сургуульд энэ сурах бичгийг үзэх 9 дүгээр анги байхгүй. Өнгөрсөн жилийн IX ангийн хүүхдүүд төгсч, хичээлийн жил дуусч байхад ирж байгаа юм. Манай сургуулийн анги дүүргэлт долоо, найман хүүхэдтэй. Гэтэл нэг төрлийн номыг 40 гаруй ширхэгээр явуулсан. Хэрвээ саналын дагуу шаардлагатай сурах бичгийг хэвлээд өгсөн бол хүүхдүүд өнөөдөр хэрэглээд явж байх байлаа. Гэтэл өнөөдөр энэ сурах бичгийг хэрэглээгүй.



Мөн Хараагүйчүүдийн холбоо маш өндөр үнэтэй сонсдог ном гээд нийт 50 сая төгрөгийн үнэтэй 32 CD өгсөн. Сэдвүүд нь ерөнхий боловсрол олгож байгаа сургуульд огт таарахгүй. Хамгийн үнэтэй нь “Миний амьдралын түүх” гээд Хиллари Клинтоны тухай уншдаг ном гэхэд 4 сая 663 мянга 800 төгрөгийн үнэтэй. Гэтэл Хиллари Клинтоны түүх манай ерөнхий боловсролын хичээлд ямар боловсрол олгох вэ. Харин үүний оронд “Монголын нууц товчоо” байсан бол ямар үнэтэй байсан ч хүлээж аваад хүүхдүүддээ уншуулна.

Бид энэ асуудлыг шийдэхийн тулд 2015 оноос олон улсын Ротари байгууллагуудад хандан төсөл бичсэн. Энэ төсөл хэрэгжиж 2016 оны 10 дугаар сарын 14-нд манай сургуульд брайль хэвлэх цех нээлтээ хийж, брайль принтер, нөүтбүүк зэрэг иж бүрэн компьютер хүлээлгэж өгсөн. Ингэснээр багш нар компьютер дээр эхээ бичиж, хэвлэх цех рүү шилжүүлэн гарын авлага хэрэглэгдэхүүнээ хэвлэдэг болсон.  Багш нарын ажлын цагийг хэмнэж бас хөнгөвчилж байна.

-Мөн 116 дугаар тусгай сургууль өөрийн эзэмшлийн газаргүй төдийгүй сургуулийн эргэн тойрны газраас зарим байгууллагад хууль бусаар газар олгож буй асуудлыг хөндсөн. Энэ үнэн үү?

-Манай сургууль харааны бэрхшээлтэй хүүхдэд ерөнхий боловсрол олгодог улсын хэмжээний ганц сургууль учраас хөдөө орон нутаг болон нийслэлийн 9 дүүргийн хүүхэд суралцдаг. Энэ хичээлийн жилд 102 хүүхэдтэй, 68 багш, ажилтантай сургалт хүмүүжлийн ажиллагаа явуулж байна.
Анх 1964 онд энэ хичээлийн байрандаа сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургууль нэртэй байгуулагдаж, 50 гаруй жилийн дараа 2007 онд хоёр сургуулийг албан ёсоор салгасан. Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургуулийг 29 дүгээр сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуулийг 116 дугаар тусгай сургууль гэж нэрлэх болсон. Тиймээс энэ эзэмшил газар одоо хүртэл 29 дүгээр сургуулийн нэр дээр, 116 дугаар сургуулийн газар гэж гэрчилгээ салгаж газрын хэмжээг хувааж өгөөгүй. Үүнийг бид маш удаан хөөцөлдөж байна. Нийслэлийн газрын албанд 186 дугаар цэцэрлэг, 116 болон 29 дүгээр сургуулийн газрыг тус тусад нь хувааж гэрчилгээжүүлэх талаар ярьж байгаа. Удахгүй асуудал шийдэгдэх байх гэж бодож байна.



-СБД-т харьяалагддаг 116 дугаар сургуулийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэх талаар дурдсан. Энэ тухайд?

-Энэ саналыг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 6 тусгай сургууль бүгд тавьж байгаа. Өмнө нь 116, 29 дүгээр сургууль Боловсролын яамны харьяанд байсан. 2012 онд бүх сургуулиудыг орон нутагт нь шилжүүлсэн. Тухайн үед энэ хоёр сургууль Нийслэлийн Боловсролын газраар дамжуулан СБД-ийн харьяалалд шилжсэн. Тус сургуулиудад хөдөө орон нутгаас хүүхдүүд суралцаж байгаа учир дүүрэгт биш улсын хэмжээнд харьяалагдана гэсэн үүднээс 6 сургууль санал нэгдэн өнгөрсөн жилээс яаманд хүсэлтээ тавьж байна. Зарим зөвшөөрөл ирж, тушаал гарвал удахгүй шилжинэ гэсэн мэдээллийг яамнаас өгч байгаа. Түүнээс биш сургуулийн удирдлага хөөцөлдөхгүй, урагшгүй байдлаас болоод яамны харьяанд шилжихгүй байгаа асуудал биш. Удахгүй энэ сардаа багтаад шилжих талаар дуулдаж байгаа.



-Сургуулийн дотуур байранд хэдэн хүүхэд амьдардаг вэ. Тэдний эрхийг зөрчдөг хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлж байсан?

-Сургууль өөрийн гэсэн дотуур байргүй ч сургуулийн зүүн жигүүрийг дотуур байр хэлбэрээр ашигладаг. Энд хөдөө орон нутгаас 65 хүүхэд амьдарч байна. Хүүхдүүд чөлөөтэй гүйж болохгүй, хаалгаа байнга нээлттэй байх дүрэм журам батлаагүй. Тиймээс би өнөөдөр Д.Сарантөгс багшид үүнийг баталсан ямар дүрэм журам байна вэ гэдгийг баталгаажуулах гээд хүсэлт тавьж байна. Харааны бэрхшээлтэй хүүхдийн хөдөлгөөн, орон зайг бид хорьдоггүй.  Харин дотуур байрны дүрэм бий. Бүгдийг замбараагүй орхивол хүүхдүүд дур зоргоороо гарах гэнэ. Барилгын материалын захын дэргэд байрлаж буй манай сургуулийн хувьд хүүхдүүд дур зоргоороо гараад явж болохгүй. Хүүхдийн аюулгүй байдалд анхаарал тавьж ажиллах ёстой гэсэн чиг үүргийн дагуу л бид ажилладаг.

-МХҮХ-ноос 2016 онд харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуультай танилцахад хамгийн хангалтгүй нь 116 дугаар сургууль гэдэг дүгнэлт гарсан гэдгийг хэлсэн. Үүнийг ямар үндэслэлээр гаргасан юм бол?

-Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Д.Арвинаар ахлуулсан Ажлын хэсэг тусгай сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан. Ажлын хэсгийн багт иргэний нийгмийн төлөөллөөр МХҮХ-ны Д.Гэрэл дарга ажилласан. Тухайн үед брайль цаас дутмаг, нөөцөө ашиглаж дуусч байгаа тул төсөвт суулгаад өгвөл брайль цаасыг худалдан авах, захиалах бололцоо бүрдэж буй талаар танилцуулсан. Гэтэл түүнийг мушгин гуйвуулж байна. Ажлын хэсгээс танай сургууль хамгийн муу байлаа, бусад сургууль сайн байсан гэдэг дүгнэлт гараагүй. Тиймээс энэ бүгдийг мушгин, сургуулийн нэр хүндийг гутаах гэж хэвлэлийн хурал хийснийг үгүйсгэж байна.

-Тэд 2016 оны БСШУ-ы сайдын төсвийн багцад харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын орчныг сайжруулахад зориулж 170 сая төгрөг тусгасан боловч сургуулийн удирдлагын санаачилгагүй, урагшгүй ажиллагаанаас болж дээрх мөнгийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй буцаагаад улсын төсөвт татуулсан. Тиймээс  сургуулийн удирдлагыг өөрчлөхийг шаардсан. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Би энэ асуудалд маш их тайлбар өгч байгаа. Энэ 170 сая төгрөгийг МХҮХ-ноос хөөцөлдөөд манай сургуульд хуваарилуулсан юм биш. Үүнийг тусгай хэрэглэгдэхүүн, брайль цаас, Duxbury Bralle программ дээр түшиглэн миний бие болон сургуулийн сургалтын менежерийн хамт Солонгосын Хансүна компанийн төхөөрөмжийг худалдан авах талаар сайдад хүсэлт тавьсан. Яамны зүгээс хүсэлтийг хүлээн аваад  170 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах эрх гэсэн албан бичгийг 2016 оны зургадугаар сард манай сургуульд ирүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэх гээд судалгаа хийсэн. Тухайн үед албан бичигтээ энэ программыг 980 ам.доллар гэж тавьсан. Хүсэлт тавьсны дараа 560 ам.доллар гэдгийг интернэтээс олж мэдсэн. Ингээд хүсэлтийн хариуг хүлээлгүй өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан программыг суурилуулсан. Тиймээс багцад орсон 980 ам.доллар буюу 2 сая гаруй төгрөгийг хэрэглэх боломжгүй болсон. Мөн Хансүна төхөөрөмж 10 ширхэгийг авахад 100 сая төгрөг гээд тооцоолсон байсан. Гэтэл судлаад үзэхэд нэг Хансүна хэрэглэгдэхүүн 180-аад сая төгрөгт багтаж орж ирэх тооцоо гарсан. Наймдугаар сард улсын төсөв хүнд байна гээд тендер зарлах асуудлыг нэг хэсэг зогсоосон. Тухайн үед оноос өмнө төхөөрөмжөө үйлдвэрийн үнээр худалдан авах боломжгүй байсан. Хараагүйчүүдийн холбооноос Д.Гэрэл дарга над руу хэд хэдэн удаа ярьж танайх хэзээ тендер зарлах гэж байна. Бид оролцмоор байна гэсэн хүсэлт тавьсан. Тиймээс би манай сургуульд бизнесийн ашиг сонирхол байдаг юм байна гэдгийг мэдсэн. Тендер зарлах боломжгүй, яаманд тавьсан хүсэлт оноос өмнө биелэх боломжгүй болсон учир тайлбар бичээд ондоо багтаан 170 сая төгрөгийн эрхийг буцааж өгье. Дараа нь манай сургуульд энэ тоног төхөөрөмж ирэх үед туслаарай гэдгийг хэлээд эрхийн бичгийг буцаасан. Хэрвээ өөр зүйлд ашиглаад, шамшигдуулаад завхруулсан бол би буруутах байсан.
 
-Ер нь танай сургуульд тулгамдаж буй өөр ямар асуудал байна вэ?

-Тусгай хэрэглэгдэхүүн брайль дэлгэц, таяг гээд бэрхшээлтэй асуудал бий. Брайль цаастай болчихвол цаашид асуудалүй болно гэсэн үг биш. Энэ цаасыг ингээд хэрэглээд дуусна. Тиймээс улсын төсөвт тусгах юм бол үргэлж хандив тусламж харалгүйгээр өөрсдөө брайль цаас авах бололцоог бий болгож өгөхийг хүсч байгаа. Мөн хэвлэх цехийн ажиллагааг гүйцээх хэрэгтэй байна. Өнгөрсөн жил хүсэлт тавьсны дагуу Солонгос улсаас хандиваар 40-өөд цохидог таяг ирсэн. Тиймээс нөхцөл бололцоогоо ашиглан сургалтаа явуулж байна. Гэтэл  тодорхой хэмжээгээр гүйцэлдүүлэх, шийдвэрлэх гээд хийж байгаа ажлыг маань үгүйсгэж байна. Түүнээс гадна сургуулийн спорт заал маш жижиг, гуравдугаар давхарт байрладаг, агааржуулалт, гэрэлтүүлэг, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Харааны бэрхшээлтэй хүүхдүүд хичээллэдэг “Хонхот бөмбөг” гэдэг спортоор хичээллэх стандартад манай спорт заал таардаггүй. Тиймээс зориулалтын спорт заалтай болгож өгөөч гэдэг хүсэлтийг яаманд тавьж байгаа.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻