Сайншандад 3000 мод тарихаар төлөвлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг болон Сайншанд сумын ЗДТГ хаврын мод тариалалтын ажлаа энэ оны дөрөвдүгээр сарын 21-нд төв талбайдаа суулгац тарьж эхэллээ. Хот орчмынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тохижилт үйлчилгээнд анхаарал хандуулж мод тариалах ажлын бэлтгэл хангах зорилгоор дөрөвдүгээр сарын 13-наас эхлэн Сайншанд сумын албан байгууллагууд, иргэн, аж ахуй нэгжүүд дор бүрнээ модны нүх ухаж бэлтгэл ажилд оролцсон байна.
Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Одбаяр, "Сайншанд сумын ЗДТГ-аас сумынхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай ажил зохиож байна. Сумын хэмжээнд энэ хаврын тариалалтад 3000 мод суулгахаар бэлтгэл ажлыг хангаж өнөөдөр ажлаа эхэлллээ.
Нарс, улиас, хайлаас, буйлс зэрэг говийн нөхцөлд тарьж ургуулах боломжтой суулгац бий. Зөвхөн тариалахаас гадна арчилж ургуулах нь чухал.Тиймээс хот тохижилтын газрын зарим мэргэжилтнийг Өвөрмонголын Дархан муумянган хошуунд явуулж мод тарих талаар туршлага судлуулж, сургалтад хамруулсан.
Тэд хүмүүст мод хэрхэн зөв тарих зааварчилгааг өгч ажиллаж байна. Мөн энэ ажилд аймгийн Засаг дарга ихэд анхаарч 7000 суулгацыг Дархан муумянган хошуунаас татаж авчрах, Сэлэнгэ аймгаас долоон вагон бор шороог авчрах ажлыг тус тус зохион байгууллаа.
Ирээдүйдээ цэвэр агаартай, цэмцгэр тохижилттой, ногоон хотыг би болгохын тулд Сайншандчууд идэвхтэй ажиллаж байгаад талархаж байна.
Бид мод тарих ажилд иргэн, аж ахуй нэгжээс гадна дунд сургуулийн хүүхдүүдийн төлөөллийг оролцуулж байгаа нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тариалах ажил ямар байдаг талаар мэдээлэл өгөх, мэдлэгтэй болгох зорилготой" гэв.
Х.Эрдэнэбулган