12 дугаар ангийн сурагч П.Халиунаа "Туркийн Элчин сайд"-ын үүрэгт ажлыг хэсэг хугацаанд гүйцэтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-24 12:16:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын “Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр”-ын өдөр өнөөдөр тохиож, БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ “Миний мөрөөдлийн дэлхий” сэдвийн дор М.К.Ататуркийн нэрэмжит нийслэлийн 5, 61, 111, 122-р дунд сургууль, Улаанбаатар дахь Америк сургууль, Бритиш сургуультай хамтран өргөн цар хүрээнд тэмдэглэж байна.

Турк Улсын "Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр" ЭСЯ-ны байранд болов.

Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал баярыг нээж хэлсэн үгэндээ, “БНТУ жил бүр 4 дүгээр сарын 23-нд “Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  Анх 1920 оны 4 дүгээр сарын 23-нд Туркийн Үндэсний их хурал байгуулагдсан. Энэ өдрийг Турк улсыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататурк хүүхдийн баяр хэмээн зарлан тунхагласан. Үүнээс хойш тус баярыг 97 жилийн турш олон улсын хэмжээнд тэмдэглэж байна. Бид өнгөрсөн үеэ санан дурсахын сацуу ирээдүй хойч үеэ хүндэтгэн эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх учиртай” гэв.

Энэ үеэр тэрбээр ЭСЯ-ны хашаанд Турк-Монголын найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болгож сурагчдын хамт мод суулгав.



Уламжлал ёсоор Элчин сайд М.Ахмет Язал Туркийн нэрэмжит ЕБС-ийн сурагчдыг хүлээн авч уулзан, өөрийн албан үүргээ хэсэг хугацаанд СХД-ийн 61 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч П.Халиунаад шилжүүлэв.Шинэ, залуу Элчин сайд суудалдаа суун энэ том боломжийг олгож буйд талархал илэрхийлээд, аль ч улсын иргэн байсан хүүхдүүд бид хязгааргүй хүсэл тэмүүлэлд хөтлөгдөн ирээдүйг угтдаг. Бид нэгэн хүсэл эрмэлзлээр нэгдвэл дэлхий дахиныг өөрчилж чадах боловсон хүчнийг бэлтгэх боломжтой. Тиймээс хоёр улсын хоорондын харилцаа, боловсролын салбарт түлхүү анхаарал хандуулахыг хүслээ.

Туркийн Элчин сайд М.Ахмет Язал, “Албан тушаал чухал биш. Амжилтад хүрэхийн тулд хөдөлмөрлөх нь чухал” гэдгийг хүүхдүүдэд захиад, тэдний сонирхсон асуултад хариулт өгөв.

Энэхүү баяр Монголын Хүүхдийн ордонд “Миний мөрөөдлийн дэлхий” гар зургийн үзэсгэлэнгийн нээлт, урлагийн тоглолтоор үргэлжилнэ. Харин маргааш хааалтын ажиллагаа “Миний мөрөөдлийн дэлхий” зохион бичлэг, гар зургийн уралдаанд байр эзэлсэн сурагчдад шагнал гардуулах ёслолоор өндөрлөх юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻