ШУТИС-ийн оюутнууд орчин үеийн лабораторид хичээллэх боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-04-24 16:04:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын “Мицубиши Электрик” корпорацийн “Сецуёо Aстек” корпораци  болон Монгол Улсын “Эрчим инженеринг” ХХК-ийн хандиваар “Программчлагдах логик контроллёр, хөдөлгүүрийн удирдлагын лаборатори”-ийн өргөтгөлийг өнөөдөр нээлээ.

Энэхүү лабораторийг анх 1995 онд Японы буцалтгүй тусламжаар байгуулсан бөгөөд 2002 онд шинэчилснээс хойш 15 жил өнгөрчээ. Тэгвэл дээрх хоёр компанийн 750 мянган иенийн хөрөнгөөр энэ онд дахин шинэчилж, дөрвөн шинэ иж бүрэн систем, 17 контроллёр төхөөрөмжийг суурилуулсан байна.

Тус лаборатори ашиглалтад орсноор бүх салбарын инженерийн ангийн оюутнууд онол практик хосолсон дадлага хйих боломжтой болж байна.

ШУТИС-ийн Эрчим хүчний их сургуулийн захирал Ч.Мангалжав хэлэхдээ, “Энэ лабораторийг байгуулснаар зөвхөн эрчим хүч гэлтгүй инжежерийн бүх салбарт ахиц дэвшил авчирна. “Эрдэнэт”, “Оюу толгой”, “ТЭЦ-4” зэрэг томоохон хэмжээний станц, үйлдвэрийн технологийн процессийг автоматжуулахад эдгээр тоног төхөөрөмжийг ашиглаж болно. Ингэснээр шинэ, сүүлийн үеийн технологийг эзэмшсэн залуу боловсон хүчинг бэлтгэх боломжтой болж байгаад таатай байна” гэв.

Япон улсын талаас цаашид төхөөрөмжийг ашиглах талаар инженер, техникийн хүмүүсийг ирүүлж, сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ж.Болор
相关新闻