Австраличууд “АНЗАК”-ын өдрөөрөө ахмад дайчдаа дурсав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-04-25 15:26:33
Австралийн Квийнсланд мужийн Брисбен хотод Монголын уул уурхайн чиглэлээр бичдэг сэтгүүлчид сургалтад суухаар өнөөдөр хүрэлцэн ирээд байна. Квийнсланд мужийн нийслэл Брисбен хот биднийг хөл ихтэй угтлаа. Учир нь өнөөдөр Австрали Улс даяар АНЗАК-ын өдрийг тэмдэглэж байна.

АНЗАК буюу “Австрали, Шинэ Зеландын армийн корпус” тус орны хувьд томоохон тэмдэглэлт өдөр бөгөөд дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон цэргүүддээ хүндэтгэл үзүүлэх ёслолын парадыг жил бүрийн дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулж иржээ. Австрали улс дэлхийн нэгдүгээр дайнд өөрийн санаа зоригоор оролцсон бөгөөд Шинэ зеландын зэвсэгт хүчин армийн корпустай нэгдсэнээр эдүгээ хоёр орны зэвсэгт хүчнийг “АНЗАК” хэмээн нэрийджээ.

1914 онд болсон дэлхийн нэгдүгээр дайнд Австралийн 60 мянган цэрэг амь насаа алдсан гэсэн тоо баримт байна.  Тухайн үед  зэвсэгт ажиллагаа найман сар үргэлжилсэн бөгөөд Австраличууд АНЗАК-ын домог, үндэсний бахархал ханхалсан эл өдрийг орон даяар сүр дуулиантай тэмдэглэдэг болжээ. 



Гурван сая гаруй хүн амтай Брисбен хотод 800 гаруй цэргийн хүчний албан хаагчид болон ахмад дайчид хотын төв гудамжаар жагсаж, арга хэмжээнд нутгийн иргэд олноороо оролцож байна. Цэргийнхэн хүчит машин, техник хөлөглөж, бүрээ бөмбөрийн дуу эгшиглүүлж, өглөөнөөс үдэш хүртэл баярын жагсаал хийнэ хэмээн нутгийнхан ярив. Энэ удаа Энэтхэг, Ирак, Афганистан, Вьетнамт энхийн ажиллагаанд оролцсон зэвсэгт хүчнийхэн оролцож буй аж.

Дашрамд дурдахад Австрали улс зургаан мужтай бөгөөд энд  24  сая гаруй хүн  ажиллаж, амьдарч байна. Брисбен хотын хувьд оршин суугчдын дийлэнх нь австраличууд бөгөөд цөөн тооны гадны иргэд амьдагаараа онцлогтой  аж. Эдүгээ Австралийн зүүн эрэг дагуу хүн ам ихээр төвлөрч, хотжилт үүссэн бөгөөд эдийн засаг ДНБ-ийн үзүүлэлтээр дэлхийд дээгүүрт жагсан хүний хөгжлийн индексээрээ олон улсад хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна.
/Квийнсланд муж. Брисбен хот / Б.Заяа
相关新闻