Аймгийн удирдлагууд сумдад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын захирамжаар аймгийн Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Мөнхболд зүүн бүсийн сумдад, Дэд бүтэц хариусан орлогч дарга Т.Амарбаатар баруун бүсийн сумдад ажиллаж байна. Тэд энэ хугацаандаа сумдын цаг үеийн нөхцөл байдал, төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцэх, нэн шаардлагатай зүйлсийг шийдвэрлэж байгаа юм.
2017 оны 04 дүгээр сарын 27-ны байдлаар Дэд бүтэц хариуцсан орлогч Т.Амарбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баяндэлгэр суманд ажиллаж байна. Энэ үеэр ажлын хэсгийнхэн сумын удирдлагуудтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсон, сургууль, цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагын үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцан хэд хэдэн асуудал шийдвэрлэжээ. Тодруулбал: Баяндэлгэр сумын “Бөмбүүлэй” хүүхдийн цэцэрлэгт ор, хөнжил, гудас гээд унтлагын иж бүрэн хэрэгсэл, тоглоом наадгай зэрэг 41 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр болсон байна. Мөн сумын Соёлын төвийн дээврийн их засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 35.6 сая төгрөгөөр хийх, Зэвсэгт хүчний .... дугаар ангийн тусгай ротод гүний худаг гаргах хөрөнгийг шийдвэрлүүлэхээр болжээ.
Мөн сумын ард иргэд, бизнес эрхлэгчидтэй уулзаж, санал солилцохоос гадна аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж яваа юм байна.
Хоёр орлогч даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн энэ сарын 30-ныг дуустал дээрх хөтөлбөрийн дагуу бүх сумдад ажиллана.
Т. Одончимэг