Сүхбаатар аймгийн 2 сум шүлхийн, 3 сум цэцэг өвчний голомттой байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд 04 дүгээр сарын 17-нд цэцэг өвчний, 04 дүгээр сарын 11-нд Түвшинширээ суманд шүлхий өвчний шинж тэмдэг дахин илэрч, одоогоор тус аймгийн хоёр сум шүлхийн, гурван сум хонины цэцэг өвчний голомттой байна. Өвчний голомтот сумдад хорио цээрийн дэглэм тогтоон өвчний тархалтын нэмэгдүүлэхгүй байх бүх талын арга хэмжээг холбогдох газруудаас авч байна.
Эрдэнэцагаан, Сүхбаатар, Түвшинширээ сумын дөрвөн голомтонд таван өрхийн 51 хонь, 211 хурга хонины цэцэг өвчнөөр өвчилжээ. Үүнээс 11 хонь 95 хурга нийт 106 малын устгалд оруулсан байна.
Харин шүлхий өвчний тухайд Түвшинширээ, Дарьганга сумдад гарсан бөгөөд хоёр голомтонд зургаан өрхийн 29 үхэр өвчилсөнийг бүгдийг устгалд оруулжээ. 04 дүгээр сарын 11-нээс хойш өвчлөл нэмэгдэж гараагүй байна.
Малын гоц халдварт өвчнийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил аймгийн хэмжээнд хийгдэж эхэлсэн. Аймгийн хэмжээнд 1.4 сая хонь вакцинд хамрагдахаас одоогоор 979749 хонь буюу нийт хонин сүргийн 80 хувийг вакцинд хамруулаад байгаа юм байна.
Т. Одончимэг