Түүхэн дурсгалт газрыг хамгаалалтад авсан ч аялал жуулчлалын брэнд болгож чадахгүй байна гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-04-27 16:38:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Архитекторуудын эвлэл, БСШУЯ, БХБЯ-тай хамтран Дурсгалт барилгын хадгалалт хамгаалалтын талаар зөвлөлдөв.

Манай улсад 5700 гаруй түүхийн дурсгалт газар байдаг. Эдгээр газруудад 82 мянган ширхэг түүхийн дурсгал хадгалагдаж байдаг бөгөөд тусгай хамгаалалтад нийт 552 дурсгалт газар байдаг аж. Улсын хамгаалалтад 177, аймаг нийслэлийн хамгаалалтад 275 газар байна. Үүнээс 34 дурсгалт газарт тусгай хамгаалалтын бүс тогтоожээ.

Түүхийн дурсгалт газрын хадгалалт, хамгаалалтын өнөөгийн орчин төдийлөн хангалтгүй байна. Хөрсөн дор ямар ч соёлын давхарга байж болно. Үүнийг тогтоох боломжгүй. Үүнээс шалтгаалан уул уурхай, дэд бүтэц, бүтээн байгуулалтын тэлэлтэд түүхийн дурсгал, дурсгалт газрууд олноор сүйддэг ч хичнээн нь сүйдсэнийг тооцох боломжгүй талаар судлаачид хэлж байв.

Өнгөрсөн хугацаанд түүхэн өв, уламжлалт дурсгалт газрууд, барилга байгууламж тодорхой зохицуулалтгүй явж ирсэн. Үүний уршгаар улсын хэмжээнд 700 гаруй сүм, хийдийн барилга устжээ.
Мөн баруун аймгуудаар сүүлийн үед барагшуны баас цуглуулах нэрийдлээр хадны агуй, хонгилын булш олноор тоногдож, сүйтгэсэн тохиолдол гарсан. Энэ нь иргэдийн түүхийн дурсгалт газарт хандах хандлага маш тааруу байгааг харуулж байна.

Хариуцах эзэнгүй дурсгалт газрууд олон бий. Нийслэлийн хэмжээнд 150 гаруй барилгыг нэмж хамгаалалтад авах шаардлагатай. Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон бусад хуулиудад түүхэн дурсгалт газар, барилга байгууламжийг хамгаалах, сэргээн засварлах талаар тусгасан боловч өнөөдрийг хүртэл дорвитой үр дүнд хүрсэн ажил болж чадахгүй байна. 

Түүхэн ач холбогдолтой барилгын дурсгалт газар нийслэлд илүү хадгалагддаг бөгөөд тухайн газруудын тусгай хамгаалалтын бүсийг тогтоосон байдаг. Гэвч түүхэн дурсгалт газрыг улсын тусгай хамгаалалтад авсан ч бүрэн дүүрэн ашиглаж, аялал жуулчлалын брэнд болгон, жуулчдад үзүүлэх боломж учир дутагдалтай байсаар өдийг хүрсэн. Эдгээр газруудыг сэргээн засварлаж ашиглах талаар зөвлөлгөөнд оролцогчид хэлж байв.

Түүхийн дурсгал болон соёлын өвийг хамгаалахад улсын төсвөөс 2017 онд 1.9 тэрбум төгрөг төсөвлөдөг. Энэ мөнгөөр дурсгалт барилга, байгууламжийг сэргээн засварлахад хүрэлцдэггүй аж. Мөн хууль эрх зүйн тогтолцоог бий болгох, төрийн байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулах, хүрэлцээтэй санхүүжилттэй байх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал үүрэгтэй болохыг БСШУСЯ-ны Соёлын өв хариуцсан мэргэжилтэн Д.Даваасүрэн онцолсон юм.

Монголын архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар “Цаашид архитехтурын тухай хууль батлах шаардлагатай байна. Архитектурын хууль баталснаар түүхэн дурсгалт барилга байгууламжийн хадгалалт, хамгаалалт зохицуулагдана. Мөн хуучирч муудсан түүхэн дурсгалт сүм, хийдийг барьж босгохдоо яг  тэр хэвээр бүтээн босгох нь чухал” гэв.

Гаднын улс орон түүхэн дурсгалт газар, барилга байгууламжийг хамгаалахын тулд хангалттай хөрөнгө зарцуулдаг. Тухайлбал баруун европын орнууд түүхийн дурсгалт зүйлд хандах иргэдийн хандлага маш сайн төлөвшсөн. Иргэд нь “миний юм” гэхээс илүү “хүн төрөлхтний юм” гэдэг талаас нь ханддаг. Иргэд өөрсдөө дурсгалт газрынхаа хадгалалт, хамгаалалтад  анхаарч дэмжих, гол санхүүжүүлэгч байдлаар оролцдог байна.

Түүхийн дурсгалт газруудад иргэд олон нийт хүндэтгэлтэй хандаж, хамгаалах шаардлагатай талаар зөвлөгөөнд оролцогчид санууллаа.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻