Багийн засаг дарга нар сургалтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Ард иргэдэд хамгийн ойр байж, төрийн ажил үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэж, төр иргэн хоорондын гүүр болон ажилладаг хүмүүс бол багийн засаг дарга нар байдаг. Тиймээс багийн дарга хүн өөрөө маш их мэдлэг, мэдээлэлтэй байх учиртай. Үүнтэй холбоотойгоор аймгийн ЗДТГ-аас багийн засаг дарга нарыг чадавхжуулах сургалт анх удаа зохион байгууллаа. Сүхбаатар аймаг 13 сумын 67 багтай. Сургалтанд багийн дарга нар 100 хувь хамрагджээ.
“Засаг захиргааныхаа анхан шатны нэгж багийн хөгжлийг дэмжих замаар төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай, чанартай болгох, багийн чадавхыг бэхжүүлэх, баг, иргэдийн хоорондын харилцааг идэвхжүүлэн тэдгээрийн эрэлт, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж, багийн дарга нарын ажиллах нөхцөл боломжийг улам сайжруулах, сайн ажилласан багийн дарга нарынхаа ажлыг бодит үр дүнгээр нь дүгнэж урамшуулахад анхаарч ажиллаж байгаа...” хэмээн аймгийн ЗДТГ-ын дарга Ч. Энхцэцэг онцоллоо.
Өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр баг тус бүрийн ард иргэдийн нийтийн хурлаар нэр дэвшиж томилогдсон нийт 67 багийн Засаг дарга нар уг сургалтанд хамрагдсан юм. Сонгуулийн үр дүнгээс хамааран нийт дарга нарын тал хувь нь шинээр сонгогдсон дарга нар байгаа юм. Тиймээс хоорондоо танилцах, туршлага судлах, санаа бодлоо хуваалцах гээд маш хэрэгтэй, цаг үеээ олсон сургалт болсоныг тэд хэлж байлаа.
Т. Одончимэг