Нийгмийн хамгааллын салбарынхны нээлттэй өдөрлөг болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-01 15:04:18
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хамтран Нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс /ЭМНДХ/, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/ зэрэг байгууллагууд хамтран өөрсдийн үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилж, төрийн зарим үйлчилгээнүүдийг газар дээр нь түргэн шурхай үзүүллээ.
“Нээлттэй өдөрлөөр иргэд ажлын байр сонирхох, ажил хайгчаар бүртгүүлэх үйлчилгээг маш их авч байна. Манай аймгийн хэмжээнд одоогоор бүртгэлтэй ажил хайгчаар бүртгүүлсэн 1100 орчим хүн байна. Энэ онд бид зургаан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Үүгээрээ дамжуулан эхний ээлжинд эдгээр бүртгэлтэй иргэдээ ажлын байранд зуучлах ажлыг хийх болно. Он гарсаар бид 400 гаруй хүнийг тогтмол ажлын байртай болгож чадсан байна. Цаашид ч олон хүнийг ажилтай, орлоготой болгох боломж бий гэж харж байгаа. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Нэг өрх-нэг ажлын байр уриалгыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна...” хэмээн аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Я. Отгон хэллээ.
Харин ЭМНДХ-ийн дарга П.Амараа хэлэхдээ “ Өдөрлөг маш их үр дүнтэй болж байгаад баяртай байна. Иргэд тэр бүр газарлуу гүйж ирээд өөрт хэрэгтэй мэдээллээ авч чаддаггүй. Харин өнөөдөр иргэд хүссэн мэдээллүүдээ нэг дороос авч, зарим асуудлаа шийдвэрлүүлж байна. Манай хэлтсийн тухайд иргэдийн  хөдөлмөрийн дэвтэрт үзлэг хийж, зөвлөгөө өгөх, гарч буй зөрчил болон гарч болох зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх тал дээр түлхүү анхааран ажиллаж байна. Иргэд ч таатай хүлээн авч байна. Үүнээс гадна ажилласан жил нөхөн тооцуулахтай холбоотой асуудал багагүй гарч ирж байна. Энэ бүгдийг түргэн шуурхай шийдвэрлэхийг хичээж байна...” гэсэн юм.
Нийгмийн хамгааллын салбарын ажил үйлчилгээ, хэрэгжүүлж буй хууль тогтоомж, цаашдын зорилго зорилтыг олон нийт, иргэдэд сурталчлан таниулах, мэдээлэл олгох нь энэхүү өдөрлөгийн гол зорилго юм.
Т. Одончимэг
 
相关新闻