Цэцэрлэгийн хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь харьцангуй бага байдаг гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-02 15:58:19
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын ЗДТГ, ИТХ, Замын цагдаагийн тасаг, аймгийн Улаан загалмайн хороо хамтран цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг "Замын хөдөлгөөн-Цагаан толгой" тэмцээн долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Бага насны хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох нь энэхүү тэмцээний гол зорилго юм. Сүхбаатар аймгийн хувьд сургуулийн хүүхдүүд сургуулийнхаа ойр орчимд зам тээврийн осолд өртөх тохиолдол байдаг ч, цэцэрлэгийн хүүхэд зам тээврийн осолд өртөх, хохирох тохиолдол харьцангуй гайгүй, тайван байдаг гэдгийг Замын цагдаагийн тасгаас мэдээллээ. 
“Баруун-Урт сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл өнгөрсөн гурван сард шинэчлэгдсэн. Энэ хүрээнд 2017 онд хийх ажлаа төлөвлөсөн. Бага насны хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хоёр төрлийн томоохон ажил төлөвлөсний нэг нь энэхүү "Замын хөдөлгөөн-Цагаан толгой" тэмцээн юм. Ирэх намар ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд "Ногоон гэрэл, Цагаан шугам тэмцээн" зохион байгуулагдана. Эдгээр тэмцээнүүдийн үр дүнд бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх явдал буурсаар байна. Хамгийн гол нь хүүхдүүдэд мэдлэг мэдээлэл олгох нь хамгийн чухал гэдгийг харуулж байна гэсэн үг...” хэмээн Баруун-Урт сумын ИТх-ын дарга Р. Алтаннар  хэллээ.
"Замын хөдөлгөөн-Цагаан толгой" тэмцээнд аймгийн төвийн арван цэцэрлэгийн 120 хүүхэд оролцон зургаан төрлийн даалгавараар өрсөлдсөнөөс 7-р цэцэрлэгийн хамт олон бусдыгаа манлайлж тэргүүн байранд шалгарчээ.
Цэцэрлэгийн хүүхдүүд гэдэг аав, ээж багшийнхаа хэлсэн үгийг ягштал биелүүлдэг. Хэдийгээр Сүхбаатар аймагт бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол гарч байгаагүй ч энэ нь тайван байж болно гэсэн үг биш. Цаг ямагт сонор сэрэмжтэй, болгоомжтой байх учиртай. Хүүхдүүдэд байнга энэ талаар мэдээ мэдээлэл өгч байх нь зөв. Тиймээс цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд "Замын хөдөлгөөн-Цагаан толгой " тэмцээнийг 2010 оноос хойш жил бүр зохон байгуулж ирсэн юм. Цэцэрлэгүүдийн хувьд ч энэ нь хүсэн хүлээдэг тэмцээн уралдааны нэг болжээ.
Т. Одончимэг 
相关新闻