Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид багийн иргэдтэйгээ уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-04 21:42:43
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 17-р тойрог буюу Баруун-Урт сумын тавдугаар багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Ш.Мандахнар, Э.Өлзийтогтох нар багийнхаа иргэд хөдөлмөрчидтэй уулзаж тэдний санаа бодлыг сонсон, төлөөлөгчөөр сонгогсдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
“Аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаад 10 сар болсон байна. Энэ хугацаанд иргэд рүүгээ хандсан ажлуудыг багагүй хийсэн байна. Иргэдийг идэвхжүүлэх сургалтанд багийн төлөөллийг хамруулсан, эмчилгээ сувилалд амруулах, ундны усандаа эрүүл мэнд, байгальд ээлтэй эко сав хэрэглэх уриалгыг багтаа хэрэгжүүлж эхэлсэн, эмэгтэйчүүдийн уулзалтыг зохион байгуулсан, хүүхдүүдийг бэлэг хөтөлбөрт хамруулсан, багийн шинэ жил, тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөнийг хийсэн, зорилтот бүлгийн иргэдтэйгээ гэрээр нь очиж уулзан гарын бэлэг гардуулсан зэрэг ажлуудыг энэ хугацаанд хийсэн байна. Мөн  БНХАУ-ын Шилийн гол аймагт гурван иргэнийг аграном, ногоон байгууламжийн инженер мэргэжлээр сургаж байна. Энэ иргэд тэнд гурван жилийн хугацаанд суралцах юм. Мэдээж цаашид багтаа олон ажил хийхээр төлөвлөсөн. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт манай багтай холбоотой тодорхой хэд хэдэн ажлууд тусгагдсан байгаа. Тодруулбал, багийн хөгжлийн төв байгуулах, хашаа хоорондын гудамжийг байгалийн чулуун замтай болгох гэсэн хоёр томоохон ажлыг нэрлэж болно. Манай багийн хувьд хашаа хоорондын зам талбай маш их асуудалтай. Шавар ихтэй учир зуны улиралд бороо орсоны дараа хүн гишгэх газар олддоггүй, зарим зам нь тогтсон усандаа идэгдээд нурж гэмтсэн байдаг. Тиймээс иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд энэ ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх зорилготой байгаа...”хэмээн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Өлзийтогтох хэллээ.
Багаас нь сонгогдсон төлөөлөгчид иргэдээ хүлээн авч уулзсанд багийн иргэд ч баяртай байгаагаа илэрхийлж байсан юм. Учир нь өмнө нь ийм арга хэмжээ болж байгаагүй юм байна. Тэдний хувьд уулзалтын үеэр багтаа шинэ усан сантай болох,ногооны зоорьтой болох, айл бүр хашаандаа мод, төмс хүнсний ногоо тариалах, хамгийн гол нь гудамж талбайг засах нэн шаардлагатай байгааг хэлж байсан юм.
Баруун-Урт сумын тавдугаар баг нь 868 өрхийн 2838 хүн амтай. Өрх болон хүн амынхаа тоогоор сумандаа гуравт бичигддэг томоохон багуудын нэг. Тийм ч учраас төлөөлөгчид ирэх жилүүдэд багаа жишиг баг болгох том зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Т. Одончимэг
 
相关新闻