Ахмад пионерууд “Бүхий олон багачууд” дуугаа дуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-05-08 12:33:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний  92 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагын төлөөлөл болон ахмад пионерууд тус байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөв.

Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо олсон цаг мөчийн дараахан буюу 1925 онд санаа зориг нийлсэн хэсэг залуусын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхий олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуусын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулахад ихэд үүрэг гүйцэтгэсэн гэдгийг ахмад багш, Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс хэллээ.

Монголын хүүхдийн байгууллага нь 1925-1940 онд Монголын пионерийн байгууллагын төв товчоо, 1940-1949 онд МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл, 1991 оноос Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар, 2016 оноос Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нэртэйгээр хүүхдийн байгууллага өргөжин тэлсэн түүхтэй.



УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэхдээ, “92 жил гэдэг бол хүний насаар хайр хүндлэл хүлээх азай буурлуудын нас юм. Бид энэ ажлыг уламжлал болгон үргэлжлүүлэн авч явах үүрэгтэй хүмүүс. Энэ байгууллагынхаа түүхээр ганцхан өдөр бахархаад зогсохгүй цаашдаа маш олон олон түүхийг бүтээж орчин цагийн хүүхдийн байгууллагын чиг хандлага, соёл, хөгжлийг тодорхойлохын тулд хамтдаа байхаа илэрхийлж байна” гэв.

Энэ үеэр “Бүхий олон багачууд” дууг Монголын Хүүхдийн ордны дууны дугуйлангийн сурагчид болон улаан бүч зүүсэн ахмад пионерууд  дуулж эгшиглүүлсэн юм.

Энэхүү цэцэг өргөх ёслолд Нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргүүдийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, хүүхдийн байгууллагын үе үеийн ахмадууд, хүүхдийн хөгжил оролцооны байгууллагууд болон хүүхдийн төлөөлөл оролцов.
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻