Гэр хорооллын усан хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотын дарга С.Батболд АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Фатима Сумарыг хүлээн авч уулзлаа.
Мянганы сорилтын корпорацийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороо өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, Монгол улстай байгуулах хоёр дахь компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ, нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх шийдвэр гаргажээ.
Энэ дагуу хоёр дахь компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ, нарийвчилсан судалгааны ажлыг эхлүүлэх зорилгоор Мянганы сорилтын корпорацийн Дэд Ерөнхийлөгч хатагтай Фатима Сумар манай улсад энэ сарын 8-9-ний өдрүүдэд айлчилж байна. Айлчлах хугацаандаа холбогдох яамдын сайд нар болон нийслэлийн Засаг дарга, удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.
Мянганы сорилтын корпорацийн Хөрөнгө оруулалтын менежментийн хороо хоёр дахь компакт гэрээний хөрөнгө оруулалтыг бүхэлд нь усны салбарт чиглүүлэхээр шийдвэрлэжээ.
Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр, Гэр хорооллын ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөр гэсэн хоёр зорилтын хүрээнд Төсөл хөтөлбөрийн саналыг эцэслэн боловсруулжээ. Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төслийг нийт 10.5 сая ам долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх аж.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Фатима Сумар хотын даргатай уулзах үеэрээ “Бид Улаанбаатар хотын ус хангамжийн үйлчилгээг сайжруулахаар зорьж байна. Үүнд гэр хороолол ч багтана. Мөн өндөр настан, хүүхдүүдэд ус хангамжийн үйлчилгээг хэрхэн хүргэх вэ гэдэгт анхаарч ажиллана" хэмээн онцлов.