Англи хэлний номын сантай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-08 17:47:23
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын хоёрдугаар бүрэн дунд сургууль өөрсдийн нөөц бололцоог ашиглан Англи хэлний номын сан байгуулжээ. Эднийх хуучин агуулах байсан жижиг өрөөндөө засвар хийж, тохижуулсан байна. Тус номын сан нь 300 гаруй номтой бөгөөд тус сургуулийн сурагчид болон англи хэлний мэргэжлийн багш нар үйлчлүүлдэг байна.
“Манай сургуулийн хувьд анги танхимын хүрэлцээ муутай учир англи хэлний олимпиадад оролцож буй сурагчдаа бэлтгэх нь багш нарын хувьд хүндрэлтэй байсан. Харин энэхүү номын сан ашиглалтнд орсоноор энэ асуудал бүрэн шийдэгдсэн гэж болно. Багш сурагчид маань зориулалтын өрөө тасалгаанд бэлтгэлээ хангана гэдэг бол давуу тал ихтэй. Номын сангийн хувьд одоогоор сурагчид маань англи хэлний гэрийн даалгавараа хийх, өөрсдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон номыг үзэж судлах зэргээр үйлчлүүлж байна. Цаашид сурагчдын унших чадварыг дээшлүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Хүүхдүүд уншиж сурснаар англи хэлийг зөв, хурдан сурах боломжтой гэж би үздэг. Энэ чиглэлээр зарим үйл ажиллагаагаа ч эхлүүлээд явж байна. Би өөрөө хичээлийнхээ заваар номын сандаа байдаг болохоор хүүхдүүдэд тэр бүр хэрэгтэй үед нь үйлчилж чадахгүй байна. Ер нь хүүхдүүд номын сангаар үйлчлүүлэх маш дуртай байгаа...” хэмээн тус сургуулийн англи хэлний багш Н. Түвшинзаяа ярьж байна.
Азийн  хөгжлийн сангаас санхүүждэг Монгол дахь Америк судлалын төвд хоёрдугаар бүрэн дунд сургуулийн удирдлага болоод англи хэлний багш нар санал тавьсаны үндсэн дээр 5500 долларын үнэ бүхий 332 ширхэг номыг шийдвэрлүүлж чаджээ. Тус төвөөс жилд хоёр удаа номны тусламж үзүүлэх бөгөөд номын сангийн үйл ажиллагаа жигдэрсэний дараа хоёрдугаар ээлжийн номоо олгох юм байна.
Т. Одончимэг
 
相关新闻