Зайсангийн 600 гаруй иргэнд газар эзэших гэрчилгээ олгожээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хан-Уул дүүргийн IV болон XI хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1958 оноос хойш амьдарсан уугуул иргэд өнөөдөр БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой уулзаж, газрын гэрчилгээг нь гаргаж өгсөнд талархал илэрхийлэв.
Зайсан, Арцатын аманд 1958 оноос үед иргэд суурьшиж эхэлсэн бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт орсон тул газрын гэрчилгээг нь олгохгүй байсаар өдийг хүрсэн юм. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол 2015 онд иргэдийн газрын гэрчилгээг олгох шийдвэр гаргасан байна. Үүний дагуу өнгөрсөн хугацаанд 600 гаруй өрхөд газар ашиглах гэрчилгээг нь олгожээ.
Уулзалтын үеэр Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Д.Уранчимэг, “1958 онд Зайсангийн орчимд байрлаж байсан Сүрьеэгийн төв эмнэлгийн ажилчдыг Богд Хан уулын орчимд суурьшуулсан байдаг. Тухайн үед миний аав, ээж Зайсан толгой орчимд анх суурьшсан ч газрын асуудлаа шийдвэрлэж чадалгүй өдийг хүрсэн” гэлээ.
Мөн Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Ш.Нямсүрэн,“Зайсангийн уугуул иргэд өөрсдийн газраа баталгаажуулах хүсэлтээ БОАЖЯ-нд гаргаад 20 гаруй жил болсон. Мөн газрын албанаас айл байгаа газарт компаниудад давхар газрын гэрчилгээ олгох асуудал их байсан. Энэ асуудлыг цэгцэлж байгаад талархаж байна” хэмээв.
Нэгэнт суурьшлын бүс үүсчихсэн тул Зайсан, Арцатын амыг тусгай хамгаалалтын бүсээс гаргах хэрэгтэй гэдгийг БОАЖ-ын сайд хэлээд, “Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран хуулийн төсөл санаачилна. Мөн 2015 оноос хойш Зайсангийн уугуул иргэдэд газар эзэмшүүлсэн ажлын үр дүнг Засгийн газарт хүргүүлнэ. Сүүлийн жилүүдэд Богд Хан уул, Зайсанг зорих явган аялагчид нэмэгдэж байгаа. Тиймээс Богд Хан уул, Зайсан орчмын 3 га газрыг аялал жуучлалын зориулалтаар тохижуулахаар төлөвлөж байна. Гэвч зарим аж ахуйн нэгж газрыг хувьдаа авахын тулд эсэргүүцэл илэрхийлж байгаа. Гэхдээ Монголын төр нийгмийн баялгыг тэгш хувиарлах ёстой” гэлээ.
Ч.Ариунболд