МХЕГ Булган аймагт нэгдсэн хяналт шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-10 14:24:00
Булган /МОНЦАМЭ/ МХЕГ Булган аймгийн Засаг даргын тамгын газар болон түүний харъяа агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн шалгалт хийлээ.
Булган аймгийн хэмжээнд байгаль орчин, геологи уул уурхай, дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хүнсний үйлдвэр, үйлчилгээ, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цацрагийн хяналтын чиглэлээр нийт 27 байгууллага, аж ахуйн нэгж тэдгээрийн 122 объект, 170 инженер, техникийн ажилтанг хамруулан шалгажээ.
Нийт  376 зөрчил илрүүлж, 144 зөрчлийг арилгуулж, 8 зөвлөмж хүргүүлж, улсын байцаагчийн 442 заалт бүхий 25 албан шаардлага, нийгмийн даатгалын шимтгэлд 3387,0 мянган төгрөг төлүүлэх, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг шошгын зөрчилтэй эм бэлдмэл хураах тухай 2 акт гаргаж, 680,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг 4 аж ахуйн нэгж, байгууллагад авч ажилласан байна.
-Аливаа хяналт шалгалт зөрчил илрүүлж, албан шаардлага өгч, тухайн үйлчилгээ, үйл ажиллагааг зогсоох, хаах талаасаа биш, эдийн засгийн хямралтай үед ард иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг норм, стандартад нийцүүлэн зөвлөн туслах, дэмжих чиглэл баримталж байгаа. Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг хангахад хяналт шалгалтын эцсийн зорилго оршдог. Булган аймагт хийх нэгдсэн шалгалтын тов хагас жилийн өмнө зарлагдсан. Төлөвлөгөөт шалгалтад аймгийн МХГ анхаарч бэлтгэсэн байна. Гэхдээ газар зохион байгуулалт, хот байгуулалт, байгаль орчныг хамгаалах чиглэлийн хууль, журам зөрчсөн дутагдал байна. Мөн эрүүл мэндийн чиглэлээр нарийвчлан шалгах зөрчил гарлаа. Нэгдсэн шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах албан шаардлага өгч байна гэж УМХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат ярьлаа.
М.Батжаргал
相关新闻