Олон улсын номын баярт МОНЦАМЭ агентлаг үйл ажиллагаагаа сурталчилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-05-12 14:40:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Номын соёлт ертөнц” ТББ, “Эмпати ертөнц” ХКК-тай хамтран зохион байгуулж буй “Ulaanbaatar book fair” номын баяр өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.

Номын баярын үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хэлэхдээ, “Номтой хүн хамгийн номхон бөгөөд энгүй байж чаддаг. Энэ арга хэмжээг олон улсын хэмжээнд зохион байгуулж байгаа нь энэ удаагийн баярын хамгийн том ололт юм. Номын баярт төр жинхэнэ утгаараа оролцох ёстой. Цаашид номын баярт зохиолчдоос гадна төрийн түшээдийг оролцдог, бодитойгоор дэмждэг болоход хамтран ажиллах болно. Номоо орхисон ард түмэн тусгаар тогтнолоо орхисноос ялгаагүй. Иймээс Монгол Улсын номын түүхийг урагшлуулж байгаа хүмүүст талархал илэрхийлье. Ном бичдэгээс илүү ном уншдаг хүн улам олон болоосой гэж хүсч байна. Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай” гэв.



Ном бүтээгч, уншигчдын нэрлэж заншсанаар хаврын номын баяр өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэх болсон энэхүү баярыг “Номын соёлт ертөнц” ТББ-аас 21 дэх удаагаа, “Эмпати ертөнц ХХК”-иас олон улсын хэл соёлын их наадмыг Монгол Улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Хоёр өдөр үргэлжлэх номын баярыг Нийслэлийн Соёл урлагийн газар, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, Монгол кино нэгтгэл, Хаан банк, Ганаа майхан зэрэг байгууллага дэмжин ажиллаж байна.

Энэхүү номын баяраар ном бүтээгчид, гадны соёлын байгууллага, хэвлэн нийтлэгчид мэдээллээ түгээх, харилцан соёлын солилцоо өрнүүлэх юм.



Энэ жилийн номын баярт АНУ, Франц, Солонгос, Филиппин, Казахстан, Япон, Австрали, Франц, Бразил зэрэг улсын соёлын байгууллага ном бүтээл, хэл соёлоо сурталчлан оролцож байгаа бол нээлтийн үеэр 18 улсын хүүхэд залуус флашмоб бүжиглэж, Улаанбаатар чуулга, Монгол кино нэгтгэл урлагийн тоглолт толилуулсан юм.

Номын баярт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг оролцож үйл ажиллагаагаа сурталчилж байна.



Тус агентлаг нь 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага бөгөөд Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж юм. Өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон 5 хэлээр дотоод, гадаад мэдээллийн www.montsame.gov.mn цахим хуудас, долоо хоног тутам монгол бичгээр “Хүмүүн бичиг” сонин, улирал тутам хэвлэгдэн гардаг “Mongolia Today” сэтгүүл /англи хэлээр/, жил бүр шинэчлэн хэвлэдэг мэдээлэл сурталчилгаа-танин мэдэхүйн “Mongolia” ном /англи хэлээр/-ыг хэвлэн гаргаж, ажиллуулан нийтийн хүртээл болгож байна.

Мөн энэ үеэр тус агентлагийн зохиолч, уран бүтээлчид өөрсдийн туурвисан ном бүтээлдээ гарын үсгээ зурж, хямдралтай үнээр худалдаж байв.

Энэхүү баярт хүрэлцэн ирснээр номонд шимтэгч та бүхэн зохиогчтой нь нүүр тулан уулзаж тэдний гарын үсгийг авах, хамт зургаа татуулах алтан боломж олдож байгаа юм.

Өдөрлөгийн үеэр Ч.Лодойдамба-100 дүрийн тоглолт, Хорвоогийн олон өнгө урлагийн тоглолт, Явуулын номын сангийн үйлчилгээ, Хотын нийтийн номын сангуудын өдөрлөг, Монгол дахь гадаадын соёлын төвүүдийн үзэсгэлэн, Уран бичлэгийн үзэсгэлэн, номын тэмдэглэлийн үзэсгэлэн, шинэ номын нээлт, орон орны хэлээр яруу найргийн уншлага, номын клубын өдөрлөг, циркийн үзүүлбэр зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
相关新闻