Ялтан шилжүүлэх тухай конвенцид нэгдэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай хэлэлцэж, дэмжив.
Монгол Улсын гадаад харилцаа өргөжихийн хэрээр иргэд гадаадад суралцах, ажиллах зорилгоор зорчих нь нэмэгдэж байгаа аж. Тиймээс монгол иргэд олноор зорчдог зарим улстай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулахад анхаарч байна. Одоогоор 7 улстай ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан хэмээн Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.
Тэрбээр, Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид Европын холбооны гишүүн 47 улс, гишүүн бус 19 улс нэгдэж орсон. Үүнд Монгол Улсын иргэд суралцах, ажиллах зорилгоор олноор зорчдог ИБУИНВУ, ХБНГУ, Бельгийн Вант Улс, БНИУ, АНУ, Австрали, Япон зэрэг улсууд багтддаг. Иймд уг конвенцид нэгдэн орсон улс тус бүртэй ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулахын оронд тус конвенцид нэгдэж орсноор эх орондоо ялаа эдлэхийг хүссэн иргэдийг шилжүүлэх харилцааг зохицуулсан эрх зүйн үндэс бүрдэнэ" хэлээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү санал хураалт явуулахад гишүүд санал нэгтэйгээр уг конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжсэн тул санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.
Ч.Ариунболд