Ж.Эрдэнэбат: Монгол Улс Ази-Европыг холбох гүүр болоход бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-05-16 11:37:01
БЭЭЖИН. /China Daily/. Тавдугаар сарын 14-15-нд Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэн улс орнуудын төр, засгийн газрын тэргүүн нарыг БНХАУ-ын дарга Си Зиньпин өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзсан юм.
 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзах үеэрээ Си Зиньпин “Хятад болон Монголын харилцааг бэхжүүлэх өргөн боломж бололцоо байна. Манай хоёр улс бие биеийнхээ язгуур ашиг сонирхол болоод хоёр улсад тулгамдсан гол асуудлуудад харилцан анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “манай хоёр улс харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, харилцаагаа улам бүр хөгжүүлэх хэрэгтэй. Хоёр талын чөлөөт худалдааны бүс байгуулахын тулд техник эдийн засгийн үндэслэлийн судалгаа хийх ажлыг хурдасгаж, хил дамнасан эдийн засгийн харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ уул уурхай ба эрчим хүчний томоохон төслүүд болон дэд бүтэц зэрэг салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь зүйтэй” гэсэн байна.

Евразийн гүүр болох Монголын хүчин чармайлтыг БНХАУ дэмжих болно гэж тэрбээр хэлжээ.

Хариуд нь Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ “БНХАУ-тай найрсаг харилцааг бэхжүүлэх нь Монгол Улсын хувьд эн тэргүүний асуудлуудын нэг юм. Монгол Улс “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэн дэмждэг” гэжээ.

Мөн тэрбээр “хүн төрөлхтний хөгжлийн тэнцвэрт бус байдлыг шийдвэрлэх, дэлхийн энх тайван ба хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжих зорилго бүхий “Бүс ба Зам” санаачилгад Монгол Улс ихээхэн ач холбогдол өгч байна” гээд “энэ санаачилгын хүрээнд манай улс Ази ба Европыг холбох гүүр болоход бэлэн байна” гэж хэллээ.

 
Г.Доржханд



相关新闻