ОХУ-тай гадаад худалдааны бараа эргэлтийг нэмэх боломжтой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-05-17 18:23:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад орнуудтай найрамдал, соёлоор харилцах монголын анхны нийгэмлэг МОКС-МУЗН-ННМЭ-ийн 70 жилийн ойд зориулан “Монгол-Оросын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт онол, практикийн бага хурлыг өнөөдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа.

Хурлаар хоёр орны харилцааг өргөжүүлэхэд найрамдлын байгууллагын үүрэг, чиглэл, стратегийн түншлэл дэх хил орчим бүс нутгийн харилцаа, худалдаа, эдийн засаг, боловсролын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар Монгол-Оросын албаныхан болон эрдэмтэн судлаачид санал солилцов.

Хуралд ГХЯ-ны Хөрш орнуудын газрын дэд захирал Д.Хасар “Монгол-Оросын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөв”, ННМЭ-ийн тэргүүн, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, “Монгол-Оросын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд найрамдлын байгууллагын үүрэг, оролцоо”, Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээнй дэд ажилтан, магистр Ж.Орхон, “Монгол-Оросын стратегийн түншлэл дэх хил орчим, бүс нутгийн харилцаа”, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш “Монгол-Оросын худалдаа эдийн засгийн харилцаан дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын оролцоо” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш хэлэхдээ, “Өнөөдрийн байдлаар ОХУ манай гол түнш гэсэн ч гадаад худалдааны эргэлт маш бага байна. Сүүлийн үед ОХУ-ын экспортын бүтээгдэхүүн гадаад худалдааны бараа эргэлт багассан. Нийт 7-8 тэрбум ам. долларын эргэлт байдаг. Үүний  99 хувь нь манайд импортлодог бол үлдсэн нэг хувь нь экспорт. ОХУ руу бага хэмжээний жонш, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн гаргаж байна. Сүүлийн үед махан бүтээгдэхүүн гаргахаар ярьж байгаа. Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн гаргахад гаалийн болон онцгой татвар өндөр. Тарифын бус бэрхшээл гэвэл бүс нутгаас худалдаа наймаа хийхэд ОХУ-ын Москва хотоос зөвшөөрөл авдаг уламжлал бий. Үүнийг бүс нутагт нь эрхийг нь өгүүлэх талаар ярьж байна. ОХУ-ын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах ёстой. Сүүлийн жилүүдэд Евро-Азийн эдийн засгийн комисстой болж, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна. Хэлэлцээрийн дагуу Оросын зах зээлд, Евро-Азийн  гишүүн орон болох Казахстан, Беларус, Армян, Киргизстан зэрэг орны дүрэм журамд нийцсэн бүтээгдэхүүн гаргах ёстой. Тиймээс бид өөрийн дүрэм журмыг нийцүүлэн боловсруулж байна. Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдвал  ОХУ-тай гадаад худалдааны бараа эргэлтийг нэмэх боломжтой. Мөн ОХУ-ын хил дээр чөлөөт худалдааны бүс байгуулагдсан. Одоогоор үйл ажиллагаа нь эхэлсэн ч төсөв мөнгөгүйгээс барилгын ажил, дэд бүтцийн эргэлт нь түр зогсоод байна. Үүнийг эргэлтэд оруулбал Оросын бүс нутгаас аж ахуйн нэгжүүд ирж оролцон, хөрөнгө оруулалт хийж, үйлдвэр байгуулан, Монголын зах зээл рүү гарах боломжтой. Монголын зах зээлээр дамжин Хятадын зах зээл рүү гарах бүрэн боломжтой. Тиймээс цаашид гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх талаас нь ажиллах ёстой” гэв.
 
Тус хурлыг Найрамдлын нийгэмлэгүүдийн монголын эвлэл, ГХЯ, ОХУ-ын ЭСЯ, Олон улсын харилцааны хүрээлэн, МХАҮТ хамтран зохион байгуулав.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал
相关新闻