Шинээр гүн өрмийн 15 худаг гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 14:24:16
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт энэ онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр баруун бүсийн сумдад гүн өрмийн 15 худаг гаргана. 
Бэлчээрийн усан хангамж муу газарт инженерийн хийцтэй худаг гаргахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн худаг гаргах ажилдаа тендер зарлан, шалгаруулах ажлаа одоо хийж байгаа гэж аймгийн ХХААГазраас мэдээллээ. 
Мөн энэ ондоо  орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сумын бэлчээрийн 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулахаар төлөвлөсөн ажээ.
Өнгөрсөн онд тус аймагт зүүн бүсийн сумдад 14 шинэ худгийг  277,1 сая төгрөгөөр, 15 суманд инженерийн хийцтэй 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулах ажлыг 389,3 сая төгрөгөөр хийсэн юм. Мөн 38 инженерийн хийцтэй худаг, 88 энгийн уурхайн худгийг  сэргээн засварласан байна.
Өнгөрсөн жилийн эцэст  нийт 5289 худаг Өмнөговь аймагт байгаа гэсэн тоо байгаа аж. Үүнээс өрөмдмөл 767, богино яндант 271, бетон хашлагат уурхайн 335, энгийн уурхайн 3916 худаг байгаа юм. Эдгээрийн төв сууринд 279, бэлчээрт 4614, ашиглалтгүй 396 худаг байна.
Өмнөговь аймгийн бэлчээр усжуулалт 45,5 хувьд хүрч бэлчээр усжуулалт өнгөрсөн оноос 1,1 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа ажээ. 
Д.Мишигсүрэн

相关新闻