ӨМНӨГОВЬ: Алтан элс-Элсэн манхны баярыг 7 дахь жилдээ зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн байгалийн өвөрмөц ялгарлыг харуулсан Алтан элс- Элсэн манхны баяр нь Өмнөговь аймгийн шилдэг гурван эвентийн нэг бөгөөд энэ жил долоо дахь удаагаа зохион байгуулж байна.
Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт орших Хонгорын элс рүү Даланзадгад сумаас дараах хоёр чиглэлийн замаар явж болно. Даланзадгадаас Хонгорын элс рүү 216 клометр шороон замаар хүрч болох бол Даланзадгад хотоос Гурвантэс-Ноён- Сэврэй сумыг чиглэсэн авто замаар явж, 182 клометр дэх замын тэмдгээр баруун гар тийшээ засмалаас буугаад Зөөлөнгийн уулсын Ёл хадны хөндий хэмээх үзэсгэлэнт хавцлаар дамжиж 60 орчим клометр замыг туулж Хонгорын элсний Уужмын амаар гаталж хүрдэг. Аялагчид зам дагуу хар сүүлт зээр, Цагаан зээр, Хулан, Өмнөговь аймгийн бахархалт шувуу Ооч ёл, аргаль, янгир, цоохор ирвэс зэрэг амьтадыг олж харах боломжтой.
Харин 182 дугаар гарамаар буухгүйгээр засмалаараа яваад Сэврэй сум гэсэн тэмдэгтээр баруун гар тийш салж сайжруулсан шороон замаар 18 кломерт яваад Сэврэй сумаар дайрч, тус сумаас шороон замаар 50 км аялаад Хонгорын элсний Адаг нууранд хүрч болох юм.
Элсэн манхны баярын өдрүүдэд тусгай ажлын баг гарч элсэнд сууж саатсан автомашинуудыг татан гаргах үйлчилгээг цагийн хуваарийн дагуу үзүүлж байна. Алтан элс- Элсэн манхны баяраас буцахдаа Хонгорын элснээс зүүн урагш 140 клометрт орших Булган сумаар дайрч кофе шоп, халуун хоолоор үйлчлүүлэх боломжтой.
Мөн Булганаас зүүн тийш 18 клометр аялаад 1920- иод онд говь хэмээх нэрийг дэлхийд анхлан дуурсгасан үлэг гүрвэлийн өлгий алдарт Баянзаг - Улалзах цонжоор зочилж үдшийн шингэх нарыг шимтэн үзэж болно. Баянзаг нь үлэг гүрвэлийн олдвороос гадна, БНХАУ-ын Бээжингээс Монголын эртний нийслэл Хархорин түүнээс цааш Ховд улиастай бүүр цаашлаад Туркестан Кашгар хүрч байсан алдарт цайны замын түүхэн нутаг билээ. Баянзагаас Даланзадгад хүртэл 100 клометр бартаа саадгүй тэгш шулуун замаар явна.