Сүхбаатар аймагт 39200 орчим сонгогч саналаа өгөхөөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-24 10:15:20
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Сүхбаатар аймгаас 39200 сонгогч саналаа өгнө. Гэхдээ энэ бол урьдчилсан тоо юм. Сонгогчдын тоо 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үетэй харьцуулахад 2000 орчмоор өсчээ.
Сүхбаатар аймгийн сонгуулийн хороо 67 хэсгийн хороотой байсан бол энэ удаад зарим хороодыг нэгтгэн, нийт 59 хэсгийн хороотой болгожээ. Тодруулбал: Эрдэнэцагаан, Түмэнцогт, Түвшинширээ, Наран, Онгон, Асгат сумдад зарим хороодыг нэгтгэсэн байна.
“Аймгийн хэмжээнд одоогоор ерөнхийлөгчийн сонгуульд 39200 сонгогч саналаа өгөхөөр бүртгэлтэй байгаа. Бид сонгууль болохоос өмнө хоёр удаа сонгуулийн хороонд сонгогчдын нэрсийг өргөн барина. Тухайн үед энэ тоонд нэг их өөрчлөлт орохгүй болов уу гэж бодож байна. УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуулиар бол нэр дэвшигчид ах дүү найз нөхдөө өөрийн дэвшиж буй тойрогруу шилжүүлэх явдал их гарч байсан. Ерөнхийлөгчийн сонгуулиар бол ийм байдал үүсэхгүй байх гэж харж байгаа. Сонгогчдын шилжилт хөдөлгөөн сонгуулиас 14 хоногийн өмнө зогсоно. Энэ үед яг тодорхой тоо гарна...” хэмээн аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ц.Энх-Амгалан хэллээ.
Дашрамд, сонирхуулахад 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт сонгогчдын 69,9 хувь нь саналаа өгч байсан бөгөөд тэдний 54,5 хувь нь Б.Бат-Эрдэнийн төлөө, 39,6 хувь нь Ц.Элбэгдоржийн төлөө, 3,70 хувь нь Н. Удвал нэр дэвшигчийн төлөө саналаа өгч байжээ.
Т. Одончимэг 
相关新闻