“Донор байгууллага” аян өрнөж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай/ МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв, Улаан загалмайн хороо хамтран хоёр жилийн хугацаатай “Донор байгууллага” аяныг өрнүүлж эхэллээ.
Авлагагүй, сайн дурын, идэвхтэй донорын эгнээг өргөжүүлж, цус цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Өнөөдрөөс эхлэн тогтмол хугацаанд цусаа бэлэглэе” уриатайгаар тус аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хамруулан уг аян явагдаж байна.
Донорын хуулийн холбогдох заалтын дагуу бүх байгууллага, иргэд үүргээ биелүүлэн ажиллаж хамт олноороо хүмүүнлэгийн үйлсэд идэвхтэй оролцож цусаа бэлэглэсэн байх, шинээр элссэн донор жилд хоёроос дээш, байнгын донор дөрвөөс дээш удаа цусаа бэлэглэснээр шалгуур үзүүлэлтийг хангах ажээ.
Үүний үр дүнд цусны нөөцийн хэмжээ нэмэгдэж, донорын тоо өссөн байх бөгөөд 10 байгууллага “Хүмүүнлэг үйлст Донор байгууллага”-аар шалгарч шагнуулах юм байна.
Ш.Цоодол