Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр хөрөнгө оруулалттай холбоотой дөрвөн саналыг хэлэлцэх үед гишүүдийн дунд маргаан үүсэв. Төв, Увс зэрэг аймагт хуваарилах санхүүжилттэй холбогдуулж гишүүдийн зарим нь эдийн засаг хямарч байхад хөрөнгө оруулалтын зардлыг нэмж болохгүй гэсэн саналтай байгаагаа хэлж байв.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэхүү саналаа татаж аваач ээ гэсэн уриалга хүртэл гаргаж байсан. Дээрх дөрвөн саналтай холбогдуулж 10-аад гишүүн үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Аймгуудад тавьсан мөнгийг татаж авах, эсэх татаж авах тухай ярих нь эх оронч үйлдлийн илрэл биш. Бид ердөө Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа хамгийн муу хэрэгжүүлж байгаа улс орон болж байна” гэсэн юм.
Энэ талаар ажлын хэсгээс энэ нь шинээр нэмэгдүүлж байгаа хөрөнгө оруулалт биш, ажил нь хийгдчихсэн, 2015 оны төсөв болон тодотголд суусныг Сангийн яам хассан байсныг дахин тусгаж оруулж ирж байгаа хэрэг, нөгөө талаар энэ нь төсвөөс биш Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх обьектууд гэсэн хариулт өгсөн юм. Ингээд санал хураалт явуулахад хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон зарчмын зөрүүтэй дээрх 4 саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Санал хураалтын дараа УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Зураг төсөвгүй, тендергүй ажлуудыг бид дэмжлээ шүү. Аж ахуйн нэгжүүддээ ижил хандаач ээ. Ажил хийсэн аж ахуй нэгжүүд чинь банкны зээлтэй шүү” хэмээсэн.
Хэлэлцүүлгийн төгсгөлд хуулийн төслийг бүхэлд нь дэмжих эсэх тухайд санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул төсвийн тодотголыг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Ингэснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.
Б.Туул