А.Саруул: Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн хаягдал усыг ашиглах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
boloroo8136 @gmail.com
2025-08-11 16:58:00

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Урьдчилан цэвэрлэх төхөөрөмж суурилуулах шаардлагатай үйлдвэрт мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуурын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж багтдаг. Тус үйлдвэрээс гарах хаягдал усыг дахин боловсруулах боломжийн тухай Шинэ Монгол Технологийн Коллежийн химийн тэнхимийн төгсөгч, Япон Улсын Китами их сургуулийн оюутан А.Саруултай ярилцлаа.


Тэрбээр Төв цэвэрлэх байгууламжтай хамтран Төв аймгийн Батсүмбэр сум болон Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас хөрсний дээж цуглуулан малын гаралтай хаягдал усыг цэвэршүүлэх судалгааны ажил хийж байгаа юм.


-Үйлдвэрүүд хаягдал усаа Төв цэвэрлэх байгууламж руу явуулдаг. Үүнд тус байгууллагын хүчин чадал хүрдэг болов уу?

-Улаанбаатар хотын үйлдвэр үйлчилгээнээс гарч буй хаягдал ус Төв цэвэрлэх байгууламжийн нийт бохирдлын гуравны нэгийг эзэлдэг. Үйлдвэрийн хаягдал ус стандартаас 3-5 дахин бохирдолтой  байдаг. Төв цэвэрлэх байгууламжийн ажилчид малын үс ноос, хялгас, мал нядалгааны газрын сэвч, цус дайвар зэрэг механик хог хаягдлыг гараараа цэвэрлэн, ялгадаг. Төв цэвэрлэх байгууламжид ирж буй бохир усны механик цэвэрлэгээний дараах хог хаягдлын хэмжээ нэг хоногт 425 килограмм гэх тооцоо бий. Тус байгууллагын хүчин чадал жилээс жилд муудаж байна. Одоогийн Төв цэвэрлэх байгууламж 60 гаруй жилийн настай. Нэг хоногийн хүчин чадал нь 170 мянган шоо метр болон буурч техник технологийн эвдрэл гэмтэл их гарч байна. Мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд сард 295 мянган шоо метр хаягдал ус нийлүүлдэг гэсэн судалгаа бий. Хэдийгээр хүчин чадал нь хүрэлцэж байгаа мэт харагдаж байвч энэ газарт хүн хүч, техник технологи ихээр дутагдаж байна. Харин шинэ Төв цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган шоо метр ус цэвэршүүлэх хүчин чадалтай ч үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх төхөөрөмж суулган ачааллыг нь бууруулах хэрэгтэй.


-Үйлдвэрүүдэд урьдчилан цэвэрлэх төхөөрөмж суурилуулах нь ямар үр дүнтэй вэ?

-Үйлдвэрийн бохир усанд тухайн салбараас хамааран хүнд металл, химийн хорт бодис, органик уусгагч, хөвмөл хатуу хэсгүүд зэрэг олон янзын бохирдуулагч агуулдаг. Бохир усанд агуулагдах нэгдлүүд нарийн бүтэцтэй учраас тэдгээрийг үр дүнтэй цэвэршүүлэх, саармагжуулахын тулд салбар бүрд тохирсон зориулалтын тусгай цэвэрлэгээний үйл явц байх шаардлагатай. Энэ нь байгаль орчин, хүний эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс сэргийлнэ. Эхний ээлжид байгаль орчин, нийгмийн хариуцлагын хүрээнд үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх төхөөрөмж суурилуулах нь зүйтэй юм. Тухайлбал, Улаанбаатар хотод биологийн урьдчилсан цэвэрлэгээ хийх шаардлагатай томоохон найман хүнсний аж ахуйн нэгжийн хаягдал ус нь үйлдвэрүүдийн нийт хаягдал усны 75 хувийг эзэлдэг гэх судалгаа бий.


-Малын гаралтай түүхий эдийг угаасан усаа голд цутгах тохиолдол бий юу. Тус хаягдал ус байгаль орчинд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн хаягдал ус хүнд металл, хорт уусгагч, өөх тос агуулдаг. Төв цэвэрлэх байгууламж цэвэршүүлсэн усаа Туул голд нийлүүлдэг бол олон үйлдвэр хууль бусаар хаягдал усаа гол руу цутгаж байна. 2024 оны судалгаагаар Туул гол “онцгой их бохирдолтой” гэж гарсан. Туул гол хүнд металл болон аммонийн азот хамгийн өндөр агууламжтай байгаа. Аммонийн азот нь усан орчны нийтлэг бохирдуулагч бөгөөд хүний буруутай үйл ажиллагааны улмаас эрс нэмэгдэж, гол мөрөн гэх мэт аливаа усан орчинд бохирдол үүсгэн, голд амьдрах организмыг "аммиакийн цочмог хордлого"-д оруулан үхүүлэх ноцтой асуудал үүсгэдэг. Энэ нь байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй. Мал нядалгаа, арьс ширний үйлдвэрийн хаягдал ус тус бохирдуулагчаар баялаг байдаг. Үүнээс үүдэн Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал нэмэгдэж байна. Тиймээс орчин үеийн арга технологиос суралцаж, хитозаннатрийн алгинатын бөмбөлөгт бэхжүүлсэн “Bacillus sp”-ийг гарган авах талаар судалж, турших нь алсдаа энэхүү технологиор тулгамдаж буй асуудлыг шийдэх гарц гаргалгааг олох боломжийн эхлэл юм. Энэ нь малын гаралтай түүхий эдийг угаасан усыг дахин боловсруулах боломжтой болно гэсэн үг.


-Тухайн үйлдвэрийн хаягдал усыг дахин боловсруулахад юу ашиглан, яаж дахин боловсруулах вэ?

-Бохир усны шинж чанараас үүдэн тухайн нөхцөлд тохирсон аргыг сонгодог. Цэвэрлэх арга бүр өөр ч технологи ба эдийн засгийн хүндрэлээс үүдэн, цөөхөн хэдэн үйл явцыг л үйлдвэрлэлд ашиглаж байна. Цэвэршүүлэх үйл явц таван үе шатаас бүрддэг. Урьдчилсан буюу бэлтгэл үе, анхдагч шат, хоёрдогч шат, эцсийн цэвэрлэгээ, түүний дараа үүссэн лагийг боловсруулах юм. Түүнчлэн бохир усанд механик, физик, биологийн цэвэрлэгээ хийдэг. Механик арга нь бохир усан дахь уусаагүй хольцыг шүүгч тор, элсэн тогтоогуур, тунгаагуур ашиглан шүүж, бохир усны урсаагүй хольцын 60 хувийг цэвэрлэдэг. Физик цэвэрлэгээнд урвалжийн, шингээх, хандлах, ууршуулах, хийгүйжүүлэх, ионы солилцоо, озонжуулах, хөвүүлэх, хлоржуулах, цахилгаан задралын аргууд орно. Биологийн арга нь  тухайн усны органик бохирдлыг исэлдүүлэн боловсруулах бичил биетийг ашиглан байгалийн болон зохиомол нөхцөлд явуулдаг. Үүнд хитозаннатрийн алгинатын бөмбөлөгт бэхжүүлсэн “Bacillus sp”-ийг ашиглах боломжтой.  Бохир усны найрлага нь гарал үүсэл, газарзүйн байршил, ашиглалтын хэлбэрээс шалтгаалан өөрчлөгддөг. Иймээс бохир усны шинж чанарыг бүрэн дүүрэн ойлгох нь оновчтой цэвэрлэгээний технологи, зохистой цэвэршүүлэх аргыг сонгох үндэс суурь болно.


-Монгол Улс усны нөөц багатай орны тоонд багтдаг. Малын гаралтай дахин боловсруулсан түүхий эд угаасан усыг юунд ашиглаж болох вэ?

-Цэвэршүүлсэн усаа нойлд ашиглахаас гадна машин угаах, зам талбайн цэвэрлэгээнд хэрэглэх боломжтой. Сүүлийн 40 жилд хийсэн судалгаагаар Монгол Улсын усны нөөц 564.8 шоо километр агаад үүний 98 хувь нь гадаргын ус, үлдсэн хоёр хувь нь газрын доорх ус юм. 2022 онд Монгол Улс усны нөөцөөр 145 улсаас 22 дугаарт эрэмбэлэгдэж, усны нөөц багатай орны тоонд багтаж буйг НҮБ мэдээлж байсан. Тиймээс бид нэн даруй усаа дахин боловсруулж эхлэх шаардлага тулгарч байна.

Ярилцсан Т.Хулан

相关新闻