Зөвхөн зурагнаас биш нүдээр үзэх үзэсгэлэнт газрууд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2017-06-08 13:41:52
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Тус аймагт аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ онгон байгаль, нүүдлийн соёл иргэншил, байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр зорин ирдэг жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас өгсөн мэдээгээр 2016 онд дотоодын 11500, гадаадын 6500 орчим жуулчин ирж, аймгийн эдийн засагт 9,7 сая ам.доллар үлдээсэн байна. Та бүхэн ч зөвхөн зурган дээрээс харах бус өөрийн нүдээр ирж үзээсэй гэж аймгийн үзэсгэлэнт газруудыг нэрлэж байна.
1. Алтай Таван Богд уул
Монгол орны хамгийн баруун зах, хамгийн өндөр цэг бүхий Алтай Таван Богд нь Монгол Алтайн нурууны "хоймор" юм. Хүйтэн /4374 м/, Найрамдал /4192 м/, Бүргэд /4068 м/, Малчин /4051 м/, Өлгий /4050 м/гэсэн таван үндсэн оргилтой. 1996 улсын тусгай хамгаалалтад авч Байгалийн цогцолборт газруудын нэгээр бүртгэсэн. Тус аймгийн алал жуулчлалын томоохон чиглэлүүдийн нэг бөгөөд олон орны уулчид авиралт хийхээр байнга ирдэг. Авиралт хийхэд хамгийн тааламжтай үе нь намар.
Цаг агаарын хувьд хамгийн тогтворгүй газруудын нэг.  Нэг өдрийн дотор нар шарж, цас, бороо орж, шуурга тавих нь энгийн үзэгдэл. Алтай Таван Богд ууланд Монголын хамгийн том гурван мөсөн голууд буюу Потанинын мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол байдаг.
Аймгийн төвөөс 200 км.
2. Потанины мөсөн гол

Мөсөн голын урт нь 20 км, өргөн нь 5 км, эзлэх талбай нь 53.5 км2. Урсах явц нь 4365 метрээс 2873 метрт явагдагдана.
Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-1880 онуудад Монгол нутгаар хоёр удаагийн газарзүйн судалгааны экспедици зохион байгуулж байсан Оросын судлаач эрдэмтэн Потанины нэрээр нэрлэсэн. Мөсөн голын мөс хамгийн зузаан хэсэгтээ 229 метр, хамгийн нимгэн хэсэгтээ 77 метр байна.
Аймгийн төвөөс 180 км.
3. Цагаан салаагийн хадны сүг зураг
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Бага Ойгар, Усайн Цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 метр, урт нь 15 километр үргэлжлэх нутагт тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгээс хүрэл зэвсгийн үе хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг.
Нийтдээ 10 мянга гаруй сүг зураг тоологджээ. Хамарсан талбайн хэмжээгээрээ Монголд хамгийн том төдийгүй дэлхийд томоохон дурсгалд тооцогдоно. 1994 онд Монгол, Америк, Оросын эрдэмтэд хамтран судалж судалгааны үр дүнгээ нэгтгэн 1999 онд Парис хотод хэвлүүлснээр дэлхийн археологийн салбарт танигджээ.Зэрлэг үхэр, адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон төрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна морь унасан хүмүүс, ан гөрөө хийж буй анчид, байлдаж буй цэрэг дайчид, морин тэрэг жолоодсон хүн зэрэг дүрслэл байдаг.
1994 онд хийгдсэн тэрхүү судалгааны үр дүнд дэлхийд танигдсанаар ЮНЕСКО дэлхийн өв соёлын сандаа бүртгэн авчээ.
Аймгийн төвөөс 160  км.
4. Бага Түргэний хүрхрээ
Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэний хавцалд оршдог. Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлогтой юм.
Хүрхрээний өндөр нь 15 метр бөгөөд хамгийн өндрөөс унан урсаж буй хүрхрээ болж тооцогддог. Эргэн тойрон дахь уулсаараа гацуур, шинэс мод, хонин аарц ургадаг бол  Бага Түргэний голын хавцал нь бор бургас, бутлаг ургамлаар баялаг. Хавар, зуны сард уулын ширүүн урсгалт голыг өгсөж энэ нутгийн унаган загас болох Монгол хадран сүргээрээ дээшилж түрсээ шахдаг. Хүрхрээний орчимд ууланд халиун буга, янгир ямаа, цоохор ирвэс, шилүүс мий, нохой зээх зэрэг хөхтөн идээшин нутагладаг бол алтан гагнуур, алтайн сонгино зэрэг ховор ургамал элбэг тархаж ургасан байдаг.
Аймгийн төвөөс 120 км.
5. Толбо нуур
Тус нуур нь зүүн өмнөөс баруун хойш сунаж байрлана. Нуурын хотгор тектоник гаралтай, цэнгэг устай, мөстлөгийн гаралтай нуур - хамгийн урт 21,5 км, өргөн 6 км хүрч усны мандал нуурын зүүн урд 2089м бол баруун хойд хэсэг Түргэний голын хавьд 2079м байна. Хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж цухуйх 4 м өндөр Гичгэний толгой юм. Нуурын ус хуралдуулах сав газрын талбай 1980 хавт.дөр.км юм.
Толбо нуурт усны нөмрөгт бүргэд, идлэг шонхор, гангар хун, ангир, хар галуу зэрэг олон зүйл шувууд олноор ирж зусна.Алтайн сугас, монгол хадран зэрэг хэдэн зүйл загас элбэгтэй.
Аймгийн төвөөс 40 км.
6. Ачит нуур
Ачит нуурын усны ил талбай 311 хавт.дөр.км, хамгийн урт хойноосоо урагш 30 км, өргөн 16 км хүрэх ба 1464 метрийн үнэмлэхүй өндөрт оршино.
Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм, Түргэний нурууны хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол, Бөхмөрөн, Улиастай зэрэг хэд хэдэн гол горхийн усаар тэжээгдэж илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгнө. Нуурын гүн, усны нөөц тодорхойгүй.
Монголын Улаан номонд орсон хар өрөвтас, гангар хун, хээрийн галуу, хошуу галуу, цагаан сүүлт нөмрөг, зэрлэг гургуул, хонин тоодог, жороо тоодог, Азийн цацууль, итэлгэн цахлай зэрэг ховор шувуудтай. Нуур усандаа Алтайн сугас, Монгол хадран зэрэг загастай. Ачит нуураас баруун хойш орших Шанаган хэмээх газраас тvрэгийн бичигт хөшөө олдсон.
Аймгийн төвөөс 86 км.
7.Хотон нуур
Хотон нуур нь Цэнгэл сумын нутагт байрладаг мөстлөгийн гаралтай цэнгэг уст нуур юм. Хурган нууртай богино /2 км/хоолойгоор холбогдох бөгөөд энэ хоёрнуур нь Ховд голыг тэтгэнэ. Урт 22 км, өргөн 4 км. Нуурын дундаж гүн 26,8 м.
Аймгийн төвөөс 90 км.
8.Ёлтын сав газар
Ёлтын сав газар нь Алтай сумын нутагт байрладаг. Уг газар нь унаган төрөхөө харьцангуй хадгалсан, дэлхийд ховордсон амьтан, ургамлын тархсан нутаг, ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнт байгальтай юм. Эрс тэс уур амьсгал зонхилно.Эрчис мөрөн нь уг Ёлтын сав газраас Ёлт, Сонгинот голуудаас эх аван урсдаг. Элдэв өвст ойн нугын ургамал зонхилно. Эмийн болон хүнсний ургамлаар баялаг юм.
Мөн Ёлтын ам, Бэхтийн гол, Өмхэйт гэдэг газруудад  улаалзгана, үхрийн нүд, тошлой, хад зэрэг жимс, жимсгэнэ тархан ургахаас гадна уулын өвөрт сармисан сонгино ургадаг.
Аймгийн төвөөс 200 км.
 
Ө.Нурболат
相关新闻