БНХАУ-ын буцалтгүй тусламжаар СХД-т барих шинэ сургуулийн шав тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-06-14 15:23:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд долоон сургууль, нэг цэцэрлэг барихаар санамж бичиг үзэглэсэн юм. Тэгвэл энэхүү хэлэлцээр ажил хэрэг болж, Сонгинохайрхан дүүргийн 25, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр шинэ сургуулийн шав тавив. 
 
Хүн амын төвлөрөл хамгийн ихтэй тус дүүрэгт цэцэрлэгт хамраагүй 10 гаруй мянган хүүхэд байгаа бол таван сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Харин дээрх хороодод шинэ сургууль ашиглалтад орсноор ачаалал буурч, хоёр ээлжээр хичээллэх боломж бүрдэх юм. Тус дүүргийн 26 дугаар хороо 20 орчим мянган оршин суугчтай ч огт сургууль, цэцэрлэггүй аж. Тэгвэл  БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 920 хүүхдийн суудалтай сургууль барихаар боллоо. Тус хороо нь 2-5 насны 1903, 6-14 насны суурь боловсрол эзэмших 2664 хүүхэдтэй бөгөөд хамран сурах тойрог нь III хорооны 65 дугаар сургуульд харьяалагддаг аж.

Харин 25 дугаар хорооны хувьд 2-5 насны 1462, 6-14 насны суурь боловсрол эзэмших 1943 хүүхэдтэй. Тус хороонд 640 хүүхдийн суудалтай шинэ сургуультай болсноор 104 дүгээр сургуулийн ачаалал буурч, хоёр ээлжинд бүрэн шилжинэ. Түүнчлэн энэхүү сургууль нь Кембрижийн сургалттай байхыг ч холбогдох албаны хүмүүс энэ үеэр онцолж байлаа.
 
Шав тавих ёслолд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай, Хөрөнгө оруулалт, Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов.
 
Дашрамд дурдахад, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх, хороо бүрийг цэцэрлэгтэй болгох асуудлыг тусгасан юм.

Ж.Болор
相关新闻