Алтайн музей байнга нээлттэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-06-15 10:04:04
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн музей 1947 онд Орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдаж 1967 оноос музей болон өргөжжээ. 
Говь-Алтай нь эртний хүмүүсийн оршин сууж байсан буурь бууц, багаж зэвсэг төдийгүй Монголын чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн үеийн болон дундаж шинэ үеийн түүхийг багтаасан ховор нандин дурсгал бүхий түүх соёлын өлгий нутаг юм.
 Тус аймгийн Орон нутгийг судлах музейд өнөөдөр нийт 2537 нэгж үзмэртэй. Байгаль газар зүй, түүх угсаатан, ардын урлаг, хүндэтгэлийн гэсэн дөрвөн танхим 10 тасагт 1600 шахам үзмэрийг дэлгэн сурталчилдаг юм. МЭӨ 4000-5000 орчим жилийн үед холбогдох хаш чулуун сүх, МЭӨ VII-III зууны үеийн хүрэл морь, XIX зууны үед хэрэглэж байсан Засагт ханы барс бариултай мөнгөн тамга зэрэг ховор нандин түүх, соёлын дурсгал олон байдаг. 
Байгальд ил задгай байрласан хүн ба буган чулуун хөшөө, бичээс, хадны сүг зураг, булш хиргиснүүр гээд улс, аймгийн хамгаалалттай түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрууд 35 бий.
Аялагч жуулчлагч, үзэгч олонд сонин содныг үзүүлэх Алтайн музей байнга нээлттэй таныг хүлээж байдгийг уламжилъя.
                                                                                                                         Ш.Цоодол
相关新闻