“Цахим орчин дахь гадуурхал” уралдаанд 5000 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-06-16 15:45:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монгол шуудан” компани хамтран хүүхдүүдийн хөгжил оролцоог дэмжих зорилгоор “Цахим орчин дахь гадуурхал” сэдэвт гар зураг, эссэ бичлэг, олон улсын захидал бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.
 
Гар зургийн уралдаанд улсын хэмжээнд 3511, эссэ бичлэгт 4625 хүүхэд бүтээлээ ирүүлсэн бол “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” уралдаанд нийт 5000 орчим хүүхэд өөрсдийн сэтгэл шингэсэн бүтээлээ илгээжээ. 
 
Энэхүү уралдаан нь хүүхэд тэр дундаа өсвөр үеийнхэнд цахим орчинд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх, зүй бус харилцаанаас урьдчилан сэргийлэх, цахим гадуурхлаас ангид байх талаар мэдлэг, мэдээлэл ач холбогдолтой.
 
Гар зургийн уралдаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын  8 дугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Ц.Билгүүн, эссэ бичлэгийн уралдаанд Завхан аймгийн  Тосонцэнгэл сумын  хоёрдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ш.Лхагважаргал, олон улсын захидал бичих уралдаанд Улаанбаатар хотын Багануур дүүргийн  цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагч П. Гэрэлтуяа нарын бүтээл тус тус тэргүүн байрт шалгарсан юм.
 
Шилдэг оролцоотой сургуулиар тэргүүн байрт нийслэлийн Баянзүрх дүүргийн Баянзүрх цогцолбор сургууль”-ийн хамт олон шалгарав.
 
Шилдэг бүтээлүүдээр гаргасан үзэсгэлэнгийн нээлтэд ХНХ-ын Дэд сайд С.Мөнгөнчимэг, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, дэд дарга Б.Халиун, Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн, Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газрын дарга П.Цэрэнням, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Флип Эйвэрт, “Монгол шуудан” компаний гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, Бодлогын хөгжлийн газрын захирал Д.Лхагвадорж нар байлцаж,  шилдгүүдэд шагнал  гардуулсан юм.

Ж.Болор
相关新闻