Сурагчийн дүрэмт хувцасны үнийг БСШУСЯ тогтоодоггүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-06-21 10:13:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Эцэг, эхчүүдийн холбоо, Монголын сурагчдын холбооноос сурагчийн дүрэмт хувцасны үнэ өндөр байгаа талаар мэдээлэл хийсэн. Тэгвэл БСШУСЯ-наас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг сонгох, үнэ тогтоох,  зах зээлийг хуваарилалт хийдэггүй хэмээн мэдэгдлээ.
 
ЕБС-ийн сурагчид Боловсролын тухай хуулинд орсон 2012 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу нэгдсэн загварын дүрэмт хувцас өмсөж буй. 
 
Засгийн газраас сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний түүхий эдээр, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож үндэсний үйлдвэрлэгчдээр хийлгэх бодлого барьж байна.

Баталсан загвар, стандартын дагуу сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэж, зах зээлд худалдан борлуулах, сургуультай гэрээ байгуулж нийлүүлэх эрх нь оёдлын үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөлтэй үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж бүхэнд нээлттэй.
 
Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл, нийлүүлэлт нь БСШУСЯ-ны аливаа оролцоогүйгээр хэрэглэгчийн сонголт, чанарын хяналт, хэрэглэгч, нийлүүлэгчийн өөрсдийнх нь хамтын ажиллагаа, хэлэлцээний үндсэн дээр зохион байгуулдаг байна.    
 
Ж.Болор
相关新闻