Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын их засвар эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-21 14:30:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын их засвар, шинэчлэлийн ажил өнөөдөр нээлтээ хийлээ.

Уг автозам нь 1943-1974 оны хооронд баригдсан бөгөөд 1998-2000 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр ээлжит болон их засвар хийсэн. Гэвч насжилт өндөртэй тул эвдрэл, гэмтлээс үүдэн иргэдийн аюулгүй зорчих боломжийг хангаж чадахгүйд хүрээд байгаа юм. Тиймээс Азийн автозамын сүлжээний нэгээхэн хэсэг болох энэхүү замыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар шинэчлэхийг Засгийн газраас ЗТХЯ-нд даалгасан. Энэ хүрээнд БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын компани энэхүү замыг шинэчлэх ажлыг гүйцэтгэх болсон гэдгийг ЗТХ-ийн сайд Д.Ганбат онцлов.

Тэрбээр, “Өнгөрсөн онд Москва хотноо Монгол, ОХУ, БНХАУ-ын Тээврийн сайд нар уулзаж, “Олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай” хэлэлцээр байгуулсан. Энэхүү хэлэлцээр гурван улсын тэргүүний баталсан “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх анхны олон талт хэлэлцээр байсан. Хэлэлцээрийн хүрээнд өнгөрсөн онд олон улсын тээврийн туршилтыг Улаан Үд-Хиагт-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын Үүд-Эрээн-Бээжингийн гаднах тойрог-Тяньжин чиглэлд явуулсан. Олон улсын тээврийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Үүнд өнөөдөр эхлүүлж буй автозамын шинэчлэлт чухал үүрэгтэй юм” гэлээ.

Шинэчлэлийн ажлын хүрээнд дөрвөн эгнээтэй тусгаарлах зурвас бүхий зам болгож өргөтгөх, 15 төмөр бетон гүүрийг шинэчлэх, явган хүний гүүрэн гарам барих, 52-ын даваа, Баруунтуруун, Хустай зэрэг есөн давааны налууг багасгах, амралтын цэг байгуулах, Тахилтын давааны хэсэгт 1000 метр урт тунель барих зэрэг ажил хийх юм. Энэхүү ажлыг БНХАУ-ын 3+2 төслийн хүрээнд сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд гүйцэтгэх бөгөөд 2018 онд хүлээлгэн өгөх юм.

Ч.Ариунболд
相关新闻