Өнөөдөр “Олон улсын олимпийн өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-23 11:06:17
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн зургадугаар сарын 23-нд “Олон улсын олимпийн өдөр” тохиодог бөгөөд дэлхийн ОУОХ-ны гишүүн дэлхийн 206 улсад хүн төрөлхтөний эв нэгдлийн спортын баяраа тэмдэглэж байна. 

1894 оны зургадугаар сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертины санаачилгаар олон улсын спортын зүтгэлтнүүд чуулж эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлддөг байсан олимпийн наадмыг орчин цагт сэргээн зохион байгуулах түүхэн шийдвэрийг гаргасан түүхтэй.



Орчин цагийн олимпизмын хөдөлгөөн энэ өдрөөс эхтэй юм. “Лондон-1948” олимпийн наадмын жилээс эхлэн “Олон улсын олимпийн өдөр”-ийг олон улсын хэмжээнд тэмдэглэх болсон.

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/ нь 1956 онд байгуулагдаж 1962 онд Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны албан ёсны гишүүнээр элсч байсан түүхтэй.



Монголын баг тамирчид 1964 оны Токиогийн олимпийн наадмаас эхлэн 13 зуны олимпийн наадамд оролцож хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Зуны олимпийн хувьд социалист, капиталист лагерь хэмээн хуваагдсан улс төрийн үзэл суртлын оргил үе болох 1984 онд тухайн үеийн социалист орнууд олимпийн наадамд оролцоогүй бөгөөд манай улсын баг тамирчид энэ шуурганд хэлмэгдсэн.

Харин өвлийн олимпийн наадамд "Инсбрук-1964" олимпийн наадмаас эхлэн "Сочи-2014" олимпийн наадам хүртэл 1976 оны олимпоос бусад 13 олимпийн наадамд баг тамирчдаа оролцуулсан юм.

Д.Өлзий
相关新闻