Тамирчдын баярыг ирэх бямба гарагт орон даяар тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-29 13:26:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орон даяар долдугаар 1-нд буюу ирэх бямба гарагт “Тамирчдын өдөр” хэмээх тамирчдын баярыг 8 дахь жилдээ тэмдэглэх гэж байгаа БТСГ-аас мэдээллээ.

Дэлхий, олимпийн дэвжээнд болон тив, олон улсын төдийгүй улс, аймаг, дүүрэг, сумын спортын талбарт хурднаас хурдан, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй байж амжилт гаргасан үе, үеийн баг, тамирчид жилдээ ганц тохиодог энэ өдрийг энгэр дүүрэн медалиа зүүн жагсаж тамирчдын баяраа өргөн тэмдэглэдэг уламжлалтай.


“Тамирчдын өдөр”-ийг тэмдэглэх баярын эхэнд спортынхон Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг. Энэ жилийн хувьд Монголд шинэ тутам хөгжиж буй граунд гольф, дартс, нисдэг таваг, олс таталт, ширээний шагай, 3х3 сагсанбөмбөг, нийтийн бүжиг зэрэг спортын төрлөөр тэмцээн зохион байгуулна.

Энэ баярт Монгол Улсын нэрийг дэлхийд мандуулсан үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, Үндэсний шигшээ багийнхан, дүүргүүдийн БТСГ, Спорт хороод, хүчний байгууллагууд оролцоно. Мөн салбартаа үр бүтээл, өндөр амжилт гаргасан шүүгч, тамирчин, дасгалжуулагчдад цол, зэрэг олгох ёслол болно.

Д.Өлзий 
相关新闻