Хакүхо М.Даваажаргал: Сумо бөхийг дэлхий дахинд хөгжүүлэх болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал холбооноос гарч байгаагаа албан ёсоор зарласан. Тэгвэл тэрбээр Токио хотод өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэж, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
Хурлын эхэнд Исэгахама ояката “Өнөөдөр Хакухо албан ёсоор холбооноос гарч буйг мэдэгдэж байна. Тэр дээд амжилт тогтоосон хүн. Түүнийг холбоонд удаан хугацаанд ажиллаж, сайн сумочид бэлдэхийг харна гэж боддог байлаа. Гэвч шийдвэрээ эргэлт буцалтгүйгээр гаргасан тул үлдээж чадсангүй. Сумо сонирхогчдоос уучлалт хүсэж байна. Хакүхо сумод хайртай, сүмогоор бахархдаг төдийгүй өөрийн гэсэн хувь нэмэр оруулахыг хүсэж байлаа. Би ч үүнийг нь дэмжиж байсан юм. Харин одоо холбооноос гадуур ажил эрхлэх хүслийг нь хүндэтгэн хүлээн авч байна. Ятгаж, үлдээж чадаагүйдээ харамсаж байна. Та бүхнээс Хакүхогийн шийдвэрийг хүлээн авч, дэмжихийг чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн ярьжээ.
Харин их аварга Хакүхо М.Даваажаргал “Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Шахуу хуваарьтай ажилтай ч өнөөдөр надтай хамт энд байгаад баярлалаа. Сүүлийн 25 жилийн хугацаанд би сумод дурлаж, сумо ч намайг хайрлалаа. Энэ завшааныг ашиглаад холбооноос гарч, шинэ мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх болсноо мэдэгдэж байна. Ахмад тамирчны хувиар “Исэгахама” дэвжээтэй холбоотой асуудал үүсгэсэндээ уучлалт хүсье. Өнөөгийн нөхцөл байдлыг бодож үзээд холбооноос гарч, сумог гаднаас нь хөгжүүлэхэд чадах бүхнээ хийх ёстой гэж шийдлээ. Сумочийн хувиар би энэ спортыг дэлхий дахинд хөгжүүлэх болно. Шавь нараа бодсонгүй, хариуцлагагүй шийдвэр гаргалаа гэж хүмүүсийн ярьж буйг сонссон. Гэхдээ шавь нараа гэсэн сэтгэл минь огт өөрчлөгдөөгүй шүү. Сумогоор дамжуулаын дэлхийн дахинд итгэл найдвар, аз жаргалыг түгээхийг зорино” гэв.
Сэтгүүлчид түүний шийдвэрийг гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсныг асуухад “Би аугаа түүхтэй Монголд төрсөн. Гайхамшигтай Японд оронд том амжилт гаргалаа. Гэр бүл болон эх орныхон маань миний шийдвэрийг санал нэгтэйгээр дэмжсэн” хэмээжээ. Харин сумогийн холбооноос гарах болсон шалтгаанынхаа талаар “Өнгөрсөн жилийн гуравдугаар сард дэвжээг шилжүүлсэн. Энэ жилийн дөрөвдүгээр сарын 1 гэхэд түүнээс хойш нэг жил өнгөрсөн. Гуравдугаар сард холбооны удирдлага дэвжээний талаар хэлэлцэхдээ хэзээ сэргээн нээх талаар тодорхой тогтоогүй. Энэ л гол шалтгаан болсон. Өнгөрсөн жил бид шавь нарынхаа хамт “Ошима” дэвжээнд шилжихийг хүссэн юм. Гэвч “Ошима” дэвжээний ояката Кёкүтэнхо Н.Цэвэгням бид хоёрыг монгол учраас боломжгүй гэсэн. Үүнээс болоод манай дэвжээний есөн сумоч спортоо орхисон” гэжээ.
Хурлын төгсгөлд Их аварга Хакүхо М.Даваажаргал өсвөрийн сумочдын "Хакүхо цом" тэмцээнээ "Их дуулга" болгохоо мэдэгдсэн бөгөөд сумог олимпын төрөлд ороосой гэж мөрөөдөж явдгаа хэлээд мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ажиллахаа хэлсэн байна.