Залуус зээр хамгаалахад зориулж хээр талд усан сан байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_tuul@montsame.mn
2017-06-30 11:24:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Дорнын их гэгээ”, “Томо бьюлдинг” компанийн ажилчин залуус өөрсдийн санаачилгаар зээр хамгаалахад зориулж хээр талд усан сан байгуулжээ.

Дорнодод энэ зун гандуу, хур бороо оролгүй удсанаас зээрийн сүрэг харангадаж олноор үхэж байгаа аж. Иймээс дээрх компанийн залуус нэгдэн, тал нутгийн сувд болсон цагаан зээрийг хамгаалах ажлыг усалгаанаас эхлүүлэх зөв юм хэмээн үзэж, гар доорх материал ашиглан газрын тосны 19, 21 дүгээр талбайгаас 30-40 км зайд нийт дөрвөн усан сан байгуулсан байна.

Эдгээр усан сан нь өргөөшөө 3-6 метр, уртаашаа 15-23 метр бөгөөд гүн нь 50 см орчим аж. Нүхийг нь экскэватороор ухан өрмийн зүмп доторлодог пленкоор доторложээ. Нэг усан санд дунджаар 30 тн орчим ус нөөцлөх багтаамжтай. Эдгээр усан сангаас гадна талд тогтсон нэгэн цөөрмийн усны түвшинг нэмэгдүүлэхээр худгаас ус зөөвөрлөж байгаа гэнэ.


Өнгөрөгч өвөл Дорнод, Сүхбаатар аймагт гарсан малын цэцэг өвчин зээрийн сүрэгт халдварласнаас тоо толгой нь нэлээд хорогдсон байна. Иймд тэдгээр залуус үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Зээр хамгаалах сан” байгуулахаар болжээ.







Б.Туул
相关新闻