“Дээлтэй Монгол-Эрдэнэтийн соёл” их наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-07-04 14:15:56
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам  Орхон аймагт энэ сарын  есөнд  төр, нийгмийн нэрт зүтгэлтэн А.Амарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар эхэлнэ. Дараа нь “Дээлтэй Монгол- Эрдэнэтийн соёл” их наадам болно. “Дээлтэй Монгол- Эрдэнэтийн соёл”  наадамд  аж ахуйн нэгж байгууллагууд, гэр бүлүүд үндэсний дээл хувцсаа өмсөж оролцох юм. Мөн  монгол үндэсний дээл, хувцас, эдлэлийг өв тэгш сайхан өмссөн гадаадын иргэдийг шалгаруулж шагнана. Түүнчлэн "Эртний сайхан" сэдэвт гар урлал, дээл, гутал үйлдвэрлэгчдийн  үзэсгэлэн худалдаа болох ажээ. “Дээлтэй Монгол- Эрдэнэтийн соёл” наадмыг залгаад Үндэсний дуу бүжгийнхэн наадамчин олондоо баярын тоглолтоо толилуулах ажээ.
Харин 10-ны өдөр Баяр наадмын нээлтийн арга хэмжээ болно. Нээлтийн ёслолын Ерөнхий найруулагчаар Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Д.Отгонбаатар ажиллаж байна. Тэрээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Нээлтийн үйл ажиллагаа нь  Эрдэнэт уул, Баян-Өндөр хайрханы домгийг уран сайхны аргаар  илэрхийлэх ажээ.  Мөн залуусын хот гэдэг утгаар Цэцгийн өнгөт хот соёл урлагийн арга хэмжээ болно. Уг арга хэмжээнд мэргэжлийн урлагийн Эрдэнэт дуу бүжгийн чуулга, ардын авьяастнууд болон шинэ залуу уран бүтээлчид оролцоно” гэлээ. 
 
Б.Оюун-Эрдэнэ
相关新闻