Уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-07-06 14:56:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн үндэсний их баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийг цахим бүртгэлд хамруулахаар болжээ.
“Хүй долоо худаг”-т уралдах морьдоо уяачид долдугаар сарын 9-ний өдөр бүртгүүлнэ. Монголын морин спорт уяачдын холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг,  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/ 10 цэгт уралдаанч хүүхдүүдийг ачаалал үүсгэхгүйгээр бүртгэхээр төлөвлөж байна гэж ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх тайлбарлав.
Өөрөөр хэлбэл, уяачид морьдоо бүртгүүлэхээр ирэхдээ уралдаанч хүүхдээ заавал өөрийн биеэр нь дагуулж ирэхээр болжээ.  
Мөн хүүхэд хурдан морь унахдаа заавал хамгаалалтын хувцас өмсч, даатгалд хамрагдсан байх дүрэмтэй.
Харин энэ жил уралдаанч хүүхдийг дан ганц төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтрээр  бус давхар цахим бүртгэлд хамруулах юм. Зөвхөн уралдаанч хүүхэд гэлтгүй хөдөлмөр эрхэлдэг, асрамжид байдаг, хараа хяналтгүй  зэрэг төрийн үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай хүүхэд бүрийг цахим бүртгэлд хамруулах юм.
Энэ бүртгэлд дээр дурдсан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдээс гадна  зуслан, дугуйлан сургалт, хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдийн нэгдсэн мэдээллийн санг бий болгох юм. Улсын хэмжээнд долоогоос дээш насны 7000 гаруй уралдаанч хүүхэд морь унадаг гэсэн судалгаа байдаг. Цахим бүртгэлд хамруулснаар  тэдний амжилт, бэртэл гэмтэл, хичээлийн хоцрогдол, даатгалын нөхөн төлбөрт хамрагдалт зэрэгт хяналт тавих боломж бүрдэх юм.

Д.Өлзий

相关新闻