Шинэ нисэх онгоцны замыг зээлийн хөрөнгөөр барина

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-03 13:25:40

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

Тэрбээр, "2010 онд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга айлчлах үеэр Монгол Улсад экспортын хөнгөлөлттэй зээлийг 500 сая ам.долларт багтаан үзүүлж болох тухай анх ярьсан. Иймээс удаа дараагийн хэлэлцээг амжилттай хийсний үр дүнд 2011 онд Зээлийн ерөнхий хэлэлцээрийг байгуулсан бөгөөд УИХ-аас Зээлийн ерөнхий хэлэлцээрийг баталсан. Энэ онд тус зээлээр санхүүжүүлэх жагсаалтыг батлахад зам тээврийн салбараас гурван томоохон замын ажил орсон.

Нэгдүгээрт, Завхан аймгийн Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114 км хатуу хучилттай зам, нөгөөх нь Баянхонгорын төвөөс Байдрагийн гүүр хүртэлх 129,4 км хатуу хучилттай зам, дараа нь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын дагуу баригдах хурдын зам орсон. Эдгээр зам нь аргагүй стратегийн ач холбогдолтой замууд юм.

Зээлийн тухайд нэмж хэлэхэд, тус зээл нь 20 жилийн хугацаатай, 2 хувийн хүүтэй, эхний 7 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. БНХАУ-ын талаас санал болгож байгаагаар бол, зээлийн хөрөнгөөр хийх ажлуудыг хятадын компаниар хийлгэе гэсэн. Иймд Зам тээврийн яам хятадын талаас санал болгосон компаниудаас сонгон шалгаруулалт хийж, гэрээ байгуулах үүрэг хүлээж байна. Дээр нь тэдгээр гурван замын ажилд зөвлөх компанийг сонгон шалгаруулахыг Зам тээврийн сайдад үүрэг болголоо. Батлагдсан төсөвт багтааж санхүүжүүлэхийг Сангийн сайдад даалгасан шийдвэрийг гаргасан” гэв.

Б.Туул

相关新闻