Монгол бахархлын өдрийг энэ сарын 12-нд тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-03 17:20:07

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 12-ны өдөр тохиож байна.

Манай улс Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг. Энэ өдөр Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс гадна бусад хүндэтгэл ёслолын арга хэмжээ болно.

Тухайлбал, “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа тогтсон дэг жаягийн дагуу болох юм. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг бөгөөд зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо энэхүү нэр хүндтэй шагналыг гардаж авах нь тодорхой болоод байгаа билээ.

Б.Туул

相关新闻