Майхант цугларалтад 175 скаут оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-07-25 15:51:02
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 27-ны өдрөөс долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдах Ази номхон далайн бүсийн Скаутуудын 31 дугаар Жембори буюу майхант чуулга уулзалтад тус аймгаас  175 хүүхэд оролцохоор нийслэл Улаанбаатар хотыг зорилоо.

Майхант чуулга уулзалтад оролцох хүүхдүүд өнөө өглөө аймгийн төв талбайгаас 4 автобусаар хөдөлсөн бөгөөд тэднийг 15 багш дагалдан яваа аж.

Энэ талаар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Т.Нансалмаа: “Жембори гэдэг нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг 11-17 насны хүүхдүүдийн майхант цугларалт, уулзалт юм. Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа ба 100 жилд 1 удаа тохиодог томоохон түүхэн үйл явдал мөн. Уг арга хэмжээнд манай аймгийн хүүхдүүд анх удаагаа өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна» гэв.  

Монголын Скаутын Холбоо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, Хүүхэд гэр бүл хөгжлийн газар хамтран зохион байгуулж уг арга хэмжээнд Ази-номхон далайн бүсийн орнууд, Европ, Америк тивийн нийт 40 гаруй орны 7000 хүүхэд оролцох ажээ.

Байгаль дэлхийтэйгээ ойр байж, хайрлаж хамгаалах, өв тэгш хүмүүжилтэй зөв хүн болж төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх энэхүү арга хэмжээ нь хамгийн олон хүүхэд, залуусыг хамруулсан цугларалт гэдгээрээ онцлог юм. 

Ө.Нурболат
相关新闻