Найрамдлын дэнж дээр 7500 хүүхэд чуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenechimeg@montsame.mn
2017-07-30 09:23:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд Ази Номхон далайн бүсийн 31-р Жембори /Майхант цугларалт/ албан ёсны нээлтээ баасан гарагт хийлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын скаутуудын майхант цугларалтын 31 дэх удаагийнхыг Монголын Скаутын Холбоо /МСХ/, Засгийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Найрамдал” цогцолбор зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4000 гаруй скаутууд болон сайн дурын удирдагч нарын 7500 хүүхэд оролцож буйгаараа онцлог юм.
Урд хожид манай оронд гадна дотны ийм олон хүүхдийг хамарсан үйл ажиллагаа болж байгаагүйг зохион байгуулагчид нээлтийн үеэр онцолж байв. Скаутууд өөрсдийн гараар хоол цайгаа хийж идэх гал тогоо, усанд орох шүршүүр, бие засах газраа байгуулж, олон орны хүүхдүүдтэй танилцаж, найзалж нөхөрлөн амьдрах ухаанд суралцдаг нь Жемборийн нэгэн онцлог аж.

Нээлтийн ажиллагаанд БСШУСЯ-ны Сайд Г.Чулуунбаатар, ХНХЯ-ны дэд Сайд С.Мөнгөнчимэг, Залуучуудын Хөгжлийн Газрын дарга О.Алтансүх, Ази Номхон далайн бүсийн Скаутын товчооны дарга Паул Паркенсон, Монголын Скаутын холбооны ерөнхийлөгч Л.Байгалмаа зэрэг хүндтэй зочид мөн Монголын анхны скаутуудын төлөөлөл үг хэлэв. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат, Дэлхийн Скаутын хөдөлгөөний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Ахмад Алхендав нар өөрсдийн мэндчилгээг төлөөлөгчдөөрөө дамжуулан хүргэснийг уншиж сонордуулсан юм.
Ази Номхон далайн бүсийн 31-р Жемборигийн нээлтийг МУСТА С.Амармандах, А.Оюунжаргал нар “Тэнгэрийн тамга” уртын дуугаар эхлүүлсэнийг гадны зочид сонирхон үзэж байв. Мөн нээлтийн ажиллагааны турш поп дива С.Наран, А.Хишигдалай, Зоригт нар ая дуугаа өргөж, Монгол 3-р сургуулийн бүжгийн хамтлаг, монголын циркчид өөрсдийн үзүүлбэрийг толилууллаа.   
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Жембори-д оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ “Ази Номхон далайн бүсийн 31-р Жемборид оролцож буй нийт зочиддоо энэ оройн мэнд хүргье. Монгол Улсад Ардчилсан хувьсгалтай зэрэгцэн үүсгэн байгуулагдсан МСХ эдүгээ дэлхийд данстай томоохон байгууллага болон өргөжжээ. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд дэлхийн 40 орны 7500 хүүхэд залуус оролцож буй нь монголын хүүхдийн байгууллагын түүхэнд бичигдэх томоохон арга хэмжээ болж байна. Скаут хүүхэд зориг тэмүүлэлтэй, бие даасан, ажилч хичээнгүй иргэн болж төлөвшдөг билээ. Хүүхэд залуучууд та бүхнийг нэг нэгнээсээ ихийг сурч өсөж дэвжинэ гэдэгт итгэж байна. Ерөнхий зохион байгуулагч Монголын Скаутын холбоо түүний мянга мянган гишүүдэд халуун баяр хүргэж, амжилт бүтээлийн дээдийг хүсье” хэмээснийг МУЕТГ-ын ажлын албаны дарга Г.Баттогтох  сонордуулав. 
Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат “Эрхэм скаутууд, хүндэт зочид төлөөлөгчдөө! Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн монголын скаутууд, мөн МСХ-ны урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн 2000 скаут та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэн мэндчилж байна. Өнөөдөр дэлхий даяар оюун ухааны хөгжлөөс гадна оюун санааны хөгжлийг нэгдүгээрт тавьдаг болжээ. Энэ нь хүүхдээ мэдлэгтэй, ухаантай болгохоос гадна, нийгмийн сайн элч болгох гэсэн зорилго билээ. Тэгвэл сайн хүн болохын тулд хамт олон маш чухал ач холбогдолтой юм. Скаутын хөдөлгөөн нь энэ чиглэлээр зуу гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байгууллага юм. Жембори чуулга уулзалт нь дэлхийн аль ч улсад зохион байгуулагдсан хүүхдүүд майханд амьдарч, хоол хүнсээ өөрсдөө хийж, амьдрах орчноо өөрсдөө бий болгодог олон улсын стандарт бүхий арга хэмжээ билээ. Нийт скаутууд та бүхэндээ Монгол эх оронд тавтай саатхыг урьж байна” хэмээн мэндчилгээ ирүүлсэн юм. 

МСХ-ны Ерөнхийлөгч Л.Байгалмаа ”Монгол Улсдаа энэ олон гадны скаутуудыг хуран цуглуулсандаа маш их баяртай байна. Бид Ази Номхон далайн бүсийн 31-р Жембориг зохион байгуулах эрхийг таван жилийн өмнө Бангладеш улсад болсон Ази Номхон далайн бүсийн товчооны хуралдааны үеэр авсан юм. Энэ бол Монголын Скаутын Холбооны хувьд түүхэн үйл явдал. Учир нь энэхүү арга хэмжээг дахин зохион байгуулах эрхийг бид зуун жилийн дараа л авч магадгүй. 1500 хүний таван жилийн ажлын үр дүн өнөөдөр гарч байна. Бид арга хэмжээгээ үнэхээр сайхан зохион байгуулж чадлаа” хэмээв. 
МСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын анхны скаут Г.Ариунчулуун “Би 1991 онд 16 настай байхдаа скаутын холбооны гишүүн болж байлаа. Скаутын дүрэмт хувцах надад их таалагдсан болохоор элссэн юм. Торго даавуу ховор байсан тэр үед ээж минь надад зурагтныхаа бүтээлгээр бүч хийж өгч байсныг тодхон санаж байна. Түүнээс хойш энэ байгууллагадаа тасралтгүй 26 жил ажиллажээ. Бид хичээсэн учир өнөөдөр найрамдлын дэнж дээр 7500 хүнийг цуглуулж чадлаа” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа. 
Ази Номхон далайн бүсийн Скаутын товчооны дарга Паул Паркенсон “Энэхүү арга хэмжээг зохион байгуулагчдаар би бахархаж байна. Монгол Улс бол агуу түүхтэй орон тиймээс дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдэд маань их сонирхолтой байх болов уу. 31-р Жембори “Найрамдал” зусланд болно гэдгийг сонсоод би их баярласан. Монголын хөх тэнгэр, ногоон зүлэг яг л манай үйл ажиллагаанд зориулагдсан мэт байна” хэмээн онцлов. 
ОХУ-ын Красноярск хотын скаут Федор Логинов ”Би скаут болоод таван жил болж байна. Монгол орон надад маш их таалагдлаа. Цаг агаарын хувьд манайхтай их ойролцоо юм. Өнөөдрийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын шинэ ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлсэн нь сайхан санагдлаа. Бид өөрсдөө хоолоо хийж идэн майханд амьдарч байгаа” хэмээв. 
Австралийн скаут Калита “Би скаут болоод 10 жил болж байна. Монголын уул их үзэсгэлэнтэй юмаа. Харин цаг агаар нь бага зэрэг сэрүүхэн юм. Энэ цугларалтын ачаар би Монгол, Солонгос, Бангладеш, Вьетнам гээд маш олон шинэ найзтай боллоо. Монгол хүмүүс англиар сайн ярьдаг учир их амар байна” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа. 
Монголын Скаутын холбоо, Олон улсын “Найрамдал” цогцолбортой хамтран 31-р Жемборид оролцож байгаа гадна дотны скаут хүүхдүүдэд Монгол ёс заншил түүх соёлыг сурталчлах чиглэлээр томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн нь харагдаж байлаа. Жишээ нь “Нүүдэлчин” цогцолбор, хуурч өвгөн, таван хошуу малын хөшөө зэрэг нь зөвхөн энэ удаагийн Жемборид бус үеийн  үед “Найрамдал” төвд амрах хүүхдүүдэд зориулсан томоохон бүтээн байгуулалт болсон байв.
Мөн гадаадын зочдод зориулсан, бэсрэг наадам зохион байгуулахаар 20 гаруй гэр барьж монгол хоол, цагаан идээ бэлтгэн хүүхдүүдэд морь тэмээ унах, сур харвах, бөх барилдах орчин нөхцлийг бүрдүүлжээ.  
Дашрамд дурдахад чуулга уулзалтын зохион байгуулалтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын албан хаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байр, орчны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэл, хоол үйлдвэрлэлд ашиглаж буй баллонт хий, газны угсралт, аюулгүй ажиллагаанд 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байгаа аж. 
 
Л.Нандиа
 
相关新闻