“Монголын төмөр замчдын өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-08-02 10:33:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад төмөр замын салбар  үүсэн хөгжсөний 79 жилийн ой, “Монголын төмөр замчдын өдөр” өнөөдөр тохиож байна.

1938 онд Улаанбаатар - Налайхын хооронд 43 км нарийн төмөр зам тавигдаж, түүн дээгүүр уурын галт тэрэг давхиж эхэлснээс хойш эдүгээ 79 жил болж буй юм. Анхны төмөр зам нь Налайхын нүүрсээр нийслэлийн үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага, хүн амыг нүүрсээр хангах явдал байв. Төмөр замыг барьж байгуулах болон ашиглах асуудлыг зөвлөлтийн мэргэжилтэн А.Ф.Чайковский, А.Н.Кудряшов, А.М.Кузнецов, И.Н.Коновалов нар удирдаж байсан юм. Тухайн үед ЗХУ-ын төмөр замын нэг жилийн курст 1938 онд 50, 1939 онд 63 хүнийг явуулан сургаж бэлтгэсэн байна. Улмаар Дэлхийн II дайны үед 1938- 1939 онд улсын дорнод хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам барьсан нь өнөөгийн Эрээнцав- Баянтүмэн чиглэлийн 268 км зам барьсан байна.


 
Харин анхны олон улсын чанартай төмөр зам 1947 оноос хоёр жилийн хугацаанд барьсан Наушки - Улаанбаатарын 400 км зам юм. Энэхүү төмөр замыг 1946 онд БНМАУ болон ЗСБНХУ -ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу барьжээ. Улмаар1955 онд  ЗХУ-ын хөрөнгөөр Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд 700 гаруй км урт төмөр замыг барьж, ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Ийнхүү Монголын умард хилээс өмнөд хил хүртэл 1115км төмөр замтай болжээ. Уг замын туршид 508 гүүр, 35 өртөө зөрлөг, 5 депо, Улаанбаатарт төв буудал барьснаас гадна, орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, гуанз, дэлгүүр, клуб бүхий олон тосгон суурин бий болжээ.



Харин эдүгээ Монголын төмөр замын сүлжээ 1520 км бөгөөд туслах болон салаа замуудыг нэмбэл 1815 болдог байна. Төмөр замаар жилд 20 сая гаруй тонн ачаа тээвэрлэдэг бөгөөд 2020 он гэхэд 45 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм.

“Монголын төмөр замчдын өдөр”-ийн хүрээнд өнөөдөр 13.00 цагаас УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд "Ган зам" дууны хөшөөнд цэцэг өргөх ёслол болох юм. Мөн тус дууны үгийг зохиосон төрийн шагналт яруу найрагч Ч.Лхамсүрэн агсны амьдрал уран бүтээлийн тухай гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болох аж.

Ч.Ариунболд
相关新闻