Өөрийн хөрөнгөөр сумандаа цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Мөст сумын цэцэрлэгт хүрээлэнг нутгийн уугуул У.Баатарсүрэн өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэжээ.
Энэхүү бүтээн байгуулалтыг улсын болон орон нутгийн төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй, нутгаа гэсэн сэтгэл зүтгэлээр “Бүрдэн говь” группийн ерөнхийлөгч У.Баатарсүрэн 230 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж гүйцэтгэжээ.
Энд усан оргилуур, хүүхэд тоглох иж бүрэн гулсуур, сагсны талбай моджуулалт, гэрэлтүүлэг, сүүдрэвч гээд цэцэрлэгт хүрээлэнд байдаг бүх л зүйлийг багтааж богино хугацаанд хийж гүйцэтгэжээ.
УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтийн үеэр хэлэхдээ, маш сайхан бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн байна. Хүнд мөнгө илүүддэггүй юм. 230 сая төгрөг бага мөнгө биш энэ бол төрсөн нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж буй нутгийн хүүгийн сэтгэл, зүтгэл. Өнгөрсөн хавар нутгийн зөвлөлийн уулзалт дээр Мөст суманд хөрөнгө оруулалт хийхийг уриалахад У.Баатарсүрэн цэцэрлэгт хүрээлэн байгуулъя гэсэн амлалт өгсөн. Ийм богино хугацаанд хийж, гүйцэтгэнэ гэж төсөөлөөгүй. Гэтэл өнөөдөр маш сайхан бүтээн байгуулалт бидний өмнө бий боллоо. Үүнийг цаашид хамгаалж арчилж явах хариуцлагатай үүргийг нутгийн удирдлагууд болон иргэд та бүхэн хүлээн авлаа” гэлээ.
А.Бямбасүрэн