Г.Чулуунбаатар: Сайн ажиллаж байгаа багш илүү цалин авах зохицуулалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2017-08-19 16:31:05
 Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Багш удирдах ажилтны уулзалт-сургалт” энэ сарын 14-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Тус уулзалтаар “Багшийн ёсзүй, харилцаа”, “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх аргазүй” сэдвийг хэлэлцэж байна.

Энэ удаагийн уулзалт, сургалтад аймаг, дүүргийн БСУГ-ын удирдлага, ахлах мэргэжилтнүүд, ЕБС, цэцэрлэгийн багш нарын төлөөлөл бүхий 30 гаруй мянган хүн хамрагдаж буй юм. Улмаар уулзалт-сургалтад хамрагдсан сургагч багш нар орон нутаг, дүүрэгтээ дээрх сэдвээр сургалт зохион байгуулах юм.

БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Дэд сайд Ё.Отгонбаяр нар “Багш удирдах ажилтны уулзалт-сургалт”-д оролцож, санал солилцсон юм.

Багш нарын цалин нэмэгдүүлэх Түр хорооноос багш нарын үндсэн цалингийн доод хэмжээг энэ оны есдүгээр сард багтаан 1 сая 600 мянган төгрөгт хүргэхийг Засгийн газраас шаардсан. Харин салбарын сайд цалингийн асуудалд ийм байр суурьтай байна.

Тэрээр,  “Багшийн үндсэн цалинг 2010 оноос үе шаттай нэмэгдүүлсээр өнөөдөр багшийн сүлжээний буюу үндсэн цалингийн дундаж  2007 оноос 2.4 дахин нэмэгдсэн байна.   Одоогийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа багш нарын авч байгаа бодит цалин хөдөөд 490.235 – 844.782 төгрөг, хотод 487.587 – 823.960 төгрөг байна. 

Монгол Улсын 2017 оны нийт төсвийн 17.3 хувь буюу улсын нийт төсвийн бараг 5.0 төгрөг тутмын 1.0 төгрөг болох 1.1 их наяд төгрөгийг  боловсролын салбарт зарцуулж байна. Боловсролын салбарын нийт төсвийн 54.4 хувь болох 598.6 тэрбум төгрөг нь ерөнхий боловсролд буюу ерөнхий боловсролын сургуулиудад ногдож байна.

Ерөнхий боловсролын салбарын 2017 оны нийт төсвийн 68.3 хувь болох 408.6 тэрбум төгрөг багш, ажиллагсдын цалин, хөлсөд ногдож байна. Улаанбаатар хотын тодорхой нэг сургуулийн төсвийн хагас жилийн гүйцэтгэлээс нь үзвэл тухайн сургуулийн нийт төсвийн 74.1 хувийг багш, ажиллагсдын цалин, хөлсөнд, 8.1 хувийг ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл эзэлж байна.  Мэдээж одоогийн багш нарын авч буй цалингийн хэмжээ  орлого сайтай хувийн хэвшлийнхэнтэй харьцуулахад бага   ч эмч нар, эрдэм шинжилгээний ажилтнууд гээд төрийн үйлчилгээний  албан хаагчдын  дундаж цалингаас бага биш гэдгийг ойлгох байхаа гэж найдаж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Улс орны эдийн засагт гарч байгаа өөрчлөлтийг дагалдаж багшийн цалин, хөлс ч цаашид нэмэгдэх ёстой гэдэгтэй санал нэг байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам юуны өмнө батлагдсан төсөв, түүний хуваарилалт, гүйцэтгэлд үзлэг, хяналт хийнэ. Одоо бидэнд байгаа зарим мэдээллээр зарим аймаг багш нарын улирлын үр дүнгийн урамшууллыг олгоогүй, батлагдсан, хуваарилагдсан төсвийг зориулалтын дагуу  зарцуулаагүй асуудал бий. Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ачааллыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай дахин судалж үнэлэлт өгнө. Багшийн цалин хөлсийг тооцож олгох журам, багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам, багшийн ажлын үр дүнг үнэлэх журмуудын хэрэгжилтийг хянан дүгнэж, холбогдох өөрчлөлтийг оруулна. Багш үр дүнтэй, амжилттай ажиллаж байгаа тохиолдолд цалингийн 10 хувийн нэмэгдэлтэй арга зүйч зэргийг авах гэж 5 жил, 15 хувийн нэмэгдэлтэй тэргүүлэх зэргийг  авах гэж 10 жил, 20 хувийн нэмэгдэлтэй зөвлөх зэргийг авах гэж 15 жил хүлээх хэрэгтэй юу гэдгийг судалж шийднэ. Ажлын үр дүн нь цалин хөлстэй нь шууд хамааралтай байхаар багшийн цалин, хөлсний зохицуулалтыг эргэж харна. Юутай ч эхний ээлжинд цалингийн сандаа багтааж хэн сайн ажиллаж байна, тэр багш илүү цалин авах зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Багшийн цалин хөлсний шинэчлэлийг цэцэрлэг, сургууль, багш нараар нээлттэйгээр хэлэлцүүлж, хамтран шийдвэрлэнэ” гэлээ.
 
Б.Заяа
相关新闻