Хилийн чанад дахь иргэдээ нэгдсэн бүртгэлд хамруулж, дэлхийн топ сургуулиудад мэргэжилтэн бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2017-08-22 15:33:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-ны өдрүүдэд болж буй “Хилийн чанад дахь монгол оюутан залуусын анхдугаар чуулга уулзалт” өнөөдөр Төрийн ордонд үргэлжиллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ивээл дор болж буй чуулга уулзалтын нээлт өчигдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болж, 25 улсад суралцаж буй 100 гаруй оюутан залуучууд болон ГХЯ, БСШУСЯ, ХНХЯ-ны холбогдох газрын удирдлагууд оролцсон юм. ГХЯ-наас хилийн чанад дахь монгол иргэд, оюутан залуучуудад хандсан бодлого, үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй танилцуулж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил чуулга уулзалтын төлөөлөгчдөд мэндчилгээ ирүүлж, уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн. 



Хилийн чанад дахь монгол оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалтад өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь уншиж сонордуулсан юм. Мэндчилгээнд, "Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй энэ удаагийн чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн Монгол залуус Та бүхэн эх орныхоо мэдлэгт суурилсан тогтвортой хөгжлийн төлөө өөрсдийн санал, санаачилгыг дэвшүүлэн чуулж буй явдлыг Монгол Улсын Засгийн газраас өндрөөр байна.

Хилийн чанадад оршин сууж буй иргэдээ нэгдсэн бүртгэлд хамруулах, дэлхийн топ сургуулиудад Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, хилийн чанадад боловсрол эзэмшиж байгаа болон ажил эрхэлж байгаа залуусыг эх орондоо түр хугацаанд буюу бүрмөсөн суурьшиж ажиллах таатай нөхцөлийг хангахад Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Энэ хүрээнд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Зөгийн үүр” “Дэлхийн монголчууд” хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Манай улс уул уурхай, аж үйлдвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт томоохон төслүүд хэрэгжүүлж эхлээд олон жил өнгөрсөн ч гадны зөвлөх үйлчилгээ авсаар байна. Цаашдаа гадаадын зөвлөх, мэргэжилтнийг өндөр үнээр авалгүй, хилийн чанадад нарийн мэргэжил эзэмшсэн иргэнээ ажиллуулах нь зүйтэй юм.

Монгол Улсын хөгжлийн бодлого нь “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай уялдаж, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлоох олон улсад өрсөлдөх ур чадвар бүхий монгол хүнийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад чиглэсэн чадварлаг хүний нөөцийн системийг хөгжүүлэх, боловсронгуй болгоход чиглэж байна" гэжээ. 

Чуулганд оролцогчдыг Монгол Улсын Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ сарын 25-ны өдөр хилийн чанадад санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутан залуусыг хүлээн авч уулзахаар болжээ.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻